?LIVE: Н.Мандуул: Захиргааны шүүх “Эко констракшн” -д 50 давхар барилгын төслийн загвар зургийг нь баталж өг гэдэг шийдвэр гаргасан

-“Эко констракшн” компани нь Улаанбаатар хотын төв буюу Монгол шуудан компанийн замын урд талд зочид буудал, оффиссын зориулалттай 50 давхар барилгын ажлыг эхлүүлээд байна. Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах, төвлөрлийг сааруулах ёстой гэдэг асуудал хурцаар тавигдаж байгаа энэ үед хотын төвд 50 давхар барилга барьж байгаа нь хэр зохистой вэ гэдэг асуудлыг хөндлөө. Энэ хүрээнд Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуулаас тодрууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Мандуул:

-“Эко констракшн” компани өнгөрсөн жил Нийслэлийн хот байгуулалт, стандартын газарт хандаж, барилгын загвар зургаа батлуулъя гэдэг хүсэлт ирүүлсэн байдаг. Нийслэлийн хот байгуулалт, стандартын газарт загвар зургийг батлахын тулд тухайн барилгын төслийн ажлыг судлах шаардлагатай болоод нэмэлт мэдээлэл хэрэгтэй байна гээд “Эко констракшн” компанид албан тоот илгээсэн. Барилга хоорондын зай таарч байгаа юм уу, ойролцоох орших суугчдаас санал авсан эсэх, техникийн нөхцөлүүд нь таарч байгаа юм уу зэрэг мэдээллийг авахаар хандсан. Тухайн компани тэр мэдээллийг гаргаж өгөөгүй. Хариу ирүүлээгүй байж байгаад харин бүр Нийслэлийн хот байгуулалт, стандартын газрыг эргүүлээд шүүхэд өгсөн байдаг. “Барилгын зураг төслөө батлуулахаар хандсан ч баталж өгөхгүй, эс үйлдэхүй хийгээд байна” гэдэг үндэслэлээр хандсан байдаг.

Нийслэлийн хот байгуулалт, стандартын газрын зүгээс нэгдүгээрт, хотын ерөнхий стандартыг зөрчих магадлалтай байна, тиймээс дахин шалгах шаардлагатай. Хоёрдугаарт, энэ барилга нь 4100 мкв бүхий том барилга. Тэгэхээр ийм том барилга барих нь хотын төвлөрлийг сааруулахын эсрэг байна. Гуравдугаарт, Энэ стандартыг зөрчих магадлалтай байна. Эдгээрийг шалгах шаардлагатай байна гэдэг тайлбарыг шүүхэд өгсөн. Тиймээс шүүхийн шийдвэрийг биелүүлж, загвар зургийг нь баталсан.

Миний бие ажлаа аваад нэг сар гаруйгийн хугацаа өнгөрч байна. Шалгалтын ажлыг хийнэ. Хотын төвд 50 давхар барилга барихыг дэмжихгүй байгаа гэв.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.