АН-ын залуус нэр дэвшихээс татгалзаж буйгаа мэдэгдэж буй юм. Учир нь өөрсөдтэй нь зөвшилцөлгүй намын жагсаалтад нэрийг нь бичсэн, тойрогт нэр дэвшүүлсэнгүй хэмээн дээрх шийдвэрт хүрсэн байна.
Ардчилсан залуучуудын холбоо /АЗХ/-ны ерөнхийлөгч Б.Ган-Очир намын жагсаалтын 27-т нэр нь бичигдсэн ч сонгуульд нэр дэвшихээс татгалзаж буйгаа өөрийн цахим хуудсаараа мэдэгдсэн байна. Учир нь тойрогт нэр дэвших хүсэлтээ намын удирдлагадаа өгсөн ч жагсаалтад нэрийг нь бичсэн аж.
АЗХ-ны ерөнхийлөгч Б.Ган-Очир:
-Энэ удаагийн сонгууль миний хувьд өндөрлөлөө. Тойрогт нэр дэвшиж байгаа бүх найзууддаа амжилт хүсье. Хичээгээрэй залуучууд аа, найз нь чадлаараа тусална, дэмжиж ажиллана.
Миний хувьд тойрогт нэр дэвших хүсэлтээ өгсөн. Улс төрийн зөвлөл, ҮБХ маань дэмжсэн. Гэвч тойргоо авч чадсангүй “өгсөнгүй”. Өнөөдрийг хүртэл намайг дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярлалаа гэжээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд өөртэй нь зөвшилцөлгүй намын жагсаалтад нэрийг бичсэн гэв.
АН-ын ҮБХ-ны гишүүн П.Нүрзэд:
Миний бие Ардчилсан намаас УИХ-д жагсаалтаар нэр дэвшигчийн 23 дугаарт эрэмбэлэгдсэн. Ингэхдээ надтай зөвшилцөлгүйгээр уг шийдвэрийг гаргасан нь манай намын дотоод ардчилал, зөвшилцөх ёсны эсрэг уйлдэл учраас миний бие АН-ын жагсаалтаас нэрээ татаж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Гэсэн ч ардчиллын үйл хэргийг бэхжүүлэхийн төлөөх зорилгоосоо няцалгүй хичээнгүйлэн ажиллахаа үүгээр мэдэгдье гэжээ.
Нийслэлийн АН-ын дэд дарга Л.Отгонцэцэг мөн жагсаалтаас нэрээ татаж буйгаа мэдэгдэв. Тэрээр АН-ын ҮБХ-ны хурлаас гарсан шийдвэр өөрчлөгдөж, жагсаалтын эрэмбийг буруулсан гэжээ.
Нийслэлийн АН-ын дэд дарга Л.Отгонцэцэг
-Миний бие Ардчилсан намаас УИХ-д жагсаалтаар нэр дэвшигчийн 38 дугаарт эрэмбэлэгдсэн. Жагсаалтад эрэмбэлэгдэх шийдвэр дээр Үндэсний бодлогын хорооны гишүүн надтай зөвшилцөлгүйгээр шийдвэр гаргасан бөгөөд эрэмбэлэгдсэн дугаар анх зарласнаас өөрчлөгдсөн, ухарсан шийдвэр гаргасан нь Ардчилсан намын дотоод ардчилал, шударга ёс, зөвшилцөх ёсны эсрэг байгаа тул миний бие АН-ын жагсаалтаас нэрээ татаж байгаагаа албан ёсоор мэдэгдэж байна. Үнэт зүйлээ эрхэмлэн дээдэлж, ардчиллын үйл хэрэгт оролцон, бусад нэр дэвшигчдээ дэмжин ажиллах болно гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.