УИХ-ын гишүүн Э.Батшугар Зээлийн мэдээллийн сангийн хуулийг шинэчлэх шаардлага үүссэн гэдгийг чуулганы нэгдсэн хуралдааны үеэр хэллээ. Тэрээр" Дэлхий нийт өөрчлөгдөж байна. Уян хатан хандах ёстой. Жижиг зээл авсан иргэдээ зах зээлд эрсдэл учруулах боломжтой аж ахуй нэгжтэйгээ адил хэмжээнд авч үзээд байгааг өөрчлөх ёстой" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Э.Батшугар:
-Монголбанкнаас чанаргүй, эргэлцээтэй зээлийг хар жагсаалтаас хасах шийдвэр гарсан. Харин энэ жагсаалтад Хөгжлийн банк, Засгийн газрын тусгай сангаас авсан зээл авсан иргэд орж байгаа юу? Зээлийн мэдээллийн сангийн хууль 2011 онд батлагдсан. Энэ хуулийг шинэчлэх шаардлага зүй ёсоор тулгараад байна. Жижиг зээл авсан иргэдээ зах зээлд эрсдэл учруулах боломжтой аж ахуй нэгжтэйгээ адил хэмжээнд авч үзээд байна. Уян хатан хандах ёстой шүү дээ, санхүүгийн зургаан жилийн ял үүрүүлээд байна. Дэлхий нийт өөрчлөгдөж байна.
Боловсролын зээлийн сангийн асуудал бас байна. Дотоодын их, дээд сургууль сурахдаа 2 саяын зээл авчихсан иргэнээ хар жагсаалтад оруулчихаад гадаадын их, дээд сургуульд сурна гээд хэдэн зуун саяар тэтгэлэг авсан иргэнийг энэ жагсаалтад оруулахгүй байгаа нь шударга бус байна. Иймд зээлийн мэдээллийн сангийн аргачлалыг өөрчлөх цаг нь ирсэн байна. Дэлхийн санхүүгийн зөв аргачлалыг Монголд нутагшуулах ёстой юм. Түүнчлэн зээлээ хугацаандаа төлсөн иргэд аж ахуй нэгжээ урамшуулдаг тогтолцоонд шилжмээр байна.
Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван:
-УИХ-ын гишүүн Э.Батшугар гишүүн зээлийн мэдээллийн сангийн асуудлаар хэд хэдэн удаа бодлогын асуудал дэвшүүлсэн. Манай банк ажиллаж эхэлсэн. 2024 оны дөрөвдүгээр сарын нэгний өдрийн байдлаар анхаарал хандуулах, хэвийн бус, эргэлзээтэй болон муу зээлийн ангилалтай боловч зээлээ бүрэн төлж барагдуулсан зээлдэгчийг Монголбанкны зээлийн мэдээллийн сангийн мэдээлэлд тусгахгүй байх шийдвэр гаргасан. Иргэд олон нийтийн дунд хар жагсаалт гэж нэрлэгддэг ч энэ нь иргэдийн зээл авсан иргэдийн мэдээллийг тусгадаг.
Дотоодын их, дээд сургуулиудад зээл авч сурсан оюутнуудын зээлийг боловсролын зээлийн сангаас зээлийн мэдээллийн санд мэдээлдэг. Энэ хүрээнд 2018-2023 оны хооронд 24573 оюутны мэдээллийг өгсөн. Харин гадаад улсад БЗС-гийн тэтгэлгээр сурсан иргэдийн мэдээллийг БЗС мэдээлээгүй. Бүх л мэдээллийг манайд өгч байх нь илүү шударга гэдэгтэй санал нэг байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.