СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

С.Зоригийн хэргийн талаарх 26 жилийн үйл явдлыг илтгэх он цагийн дараалал

Нийтэлсэн
8 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
8 сарын өмнө

С.Зориг бусдын гарт амиа алдсанаас хойш 26 жил өнгөрлөө. Хэрэг илрээгүй л байна. Харин одоо байдал өөрөө эргэчих шиг боллоо. Одоо ч гэж дээ, 2019 оноос хойш яриа биш үйл явлууд өрнөсөөр байгаа л даа.

Энэ хэрэгт 2017 онд ялласан Т.Чимгээ, Б.Содномдаржаа хоёрыг эрүүдэн шүүсэн нь ил болсон. Эрүүдэн шүүсэн хэргээр хууль хяналтынхан шүүхээр шийтгүүлсэн. 2021 онд шүүх буцаагаад дээрх хоёр иргэнийг цагаатгаж шийдвэрлэсэн. 2023 оны эхээр ЭЦА-ны даргаар ахлуулсан С.Зоригийг хөнөөсөн хэргийг шалгах ажлын хэсэг байгуулагдсан. Энэ хооронд Засгийн газар хоёр ч удаа уг хэрэгтэй холбоотой материалыг нууцаас гаргах шийдвэрийг гаргасан. Эхлээд Т.Чимгээтэй холбоотой материалууд, дараа нь Засгийн газрын 1998 оны аравдугаар сарын 3-ны ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг ил болгосон.

Улмаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ арваад хоногийн өмнө уг хэргийн талаар маш ноцтой мэдэгдлийг хийлээ.

Тэрбээр “Тухайн үед С.Зоригийг хөнөөсөн хэрэгтэй холбоотой юу болж байсан тухай материалуудыг логик дарааллаар нь ил болгож өгсөн. Ямар ч улс төрийн нөлөөгүйгээр ажиллах боломжоор л би хангаж чадна. Хэн нэгэн хүн ямар нэгэн байдлаар  нөлөөлөл үзүүлэх гэж оролдвол олон нийтэд зарлана” гэв.

Цааш нь “1996 оны ардчилсан сонгуулиар ардчилсан хүчний удирдагчид гарч ирсэн. МҮАН болон Социал демократ намын эсвэл ялалт байгуулж, 50 суудал авсан. Эвслийн тэргүүн нь Ц.Элбэгдорж байсан. Гэтэл М.Энхсайхан нь Ерөнхий сайд болсон. Энэ нь тухайн үеийн удирдагчдын үзэл санааны том хагарлыг харуулдаг.  Тухайн үеийн бүх протоколоор нотлогддог. Өөрөөр хэлбэл, идеалогийн зөрчилдөөн нэг үеийнхний дунд байсан.

1998 оны дөрөвдүгээр сарын 22-нд М.Энхсайханы Засгийн газар огцорч, 23-нд Ц.Элбэгдоржийн Засгийн газар байгуулагдсан. Гэтэл Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард нь буюу гуравхан сарын хугацаанд ажиллаад дахиад огцорсон.

Энэ Засгийн газар “Эрдэнэт үйлдвэр”-ийн талаар 10 гаруй удаа ярьсан байдаг юм. Тухайн үеийн удирдлага Ш.Отгонбилэг агсныг огцруулах асуудлыг болон 80 дугаар тогтоол буюу Сэргээн босголтын банкийг Голомт банктай нэгтгэсэн асуудлыг шийдвэрлээд ерөнхийдөө огцорсон. Тухайн үед  Ш.Отгонбилэг агсантай холбоотой асуудал Чингэлтэй дүүргийн шүүх дээр явж байсан. Ялж яваад ялагдсан. Нөгөө системийн авлигын асуудал үүнээс үүсэж байгаа юм.

Тухайн үед Оюу толгой, Тавантолгой гэж байсангүй, Эрдэнэтийг тойрч л авлигын асуудал үүсэж эхэлж байгаа юм. Хэн нь Эрдэнэтийг хянаж байна тэр нь улс төрд хамгийн нөлөө бүхий бүлэглэл байсан.

Ц.Элбэгдоржийн Засгийн газар долдугаар сард огцорсон. Наймдугаар сард нь “Эрдэнэт үйлдвэр”-т онцгой дэглэм тогтоож, Ш.Отгонбилэгийг сольж, Д.Дорлигжавыг захирлаар нь томилсон. Үүнээс хойш том асуудлууд үүссэн.  Найм, есдүгээр сараас Да.Ганболдыг Ерөнхий сайдаар санал болгож, шахаж эхэлсэн. Ерөнхий сайд томилогдохгүй, буцаагдаад, гурван са­рын хугацаанд улс төр нэлээд халсан.

Түүний дараа аравдугаар сарын 1-ны Ардчилсан холбооны хурлаар Ерөнхий сайдаар С.Зоригийг томилох асуудлыг хэлэлцэх тов ерөнхийдөө гарсан ч учир битүүлгээр хойшилсон.

С.Зоригийн тухайн үед хэлж байсан үгнүүд протоколд үлдсэн. Үүнээс харахад, тэр хүн системийн авлига гэдэг зүйл рүү орохоос хамгийн их айж байсан. Бид олон нийтийн ийм их итгэл дээр, хагас зуун жилийн баялгийг буруу хуваарилах гээд байна. Манай журмын нөхөд системийн авлигад идэгдэж эхэлж байна. Үүнийг л тэр ярьсан.

Аравдугаар сарын 2-ны өдөр эвслийн удирдлагууд Улаанбаатар зочид буудалд хооллож, С.Зоригийг Ерөнхий сайдаар томилох албан бус шийдвэр гаргасан байдаг юм билээ. Гэвч тэр орой нь С.Зориг гэдэг улстөрч бусдын гарт амиа алдсан байдаг

Сүүлд нь С.Зоригийг Т.Чимгээ, Б.Содномдаржаа гэдэг хүмүүс алсан болж, нөгөө талаас энэ хүмүүс хилсээр гүтгэгдсэн болж энэ хэрэг дахиад задарчихлаа. Энэ хэрэг дээр хэрэв Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар С.Зоригийг алаагүй бол яагаад гурван шатны шүүх алсан гэж үзэв гэдэг нь маш том хэмжээний хүний эрхийн асуудал. Ардчилсан  Монгол Улсад хэний захиалгаар, хэнд ашигтай учраас ийм шийдвэрийг шүүх гаргав. Үүнийг бодох ёстой.

Энэ хэрэгт ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг шүүх гэм буруутайд тооцож, Ерөнхийлөгч өршөөлөөр сулласан. С.Зоригийг хөнөөсөн хэргийг хаахын тулд Б.Хурц болон прокурорууд яагаад зохиомол хэрэг үүсгэсэн бэ гэдэг үнэнээ хэлэх өдөр ирэх байх гэдэгт би итгэдэг.  Би гүйцэтгэгч нарыг буруутгахгүй.

Ц.Элбэгдорж ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчид тамгаа солилцохдоо “Ганцхан С.Зоригийг хөнөөсөн хэргийг л битгий сөхөөрэй, бусад нь надтай хамаагүй” гэж хэлсэн байдаг” гэж ярьсан юм.

Хамгийн ноцтой нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Та С. Зоригийг хөнөөсөн хэргийг одоо хүртэл ахуйн аллага гэж бодож явдаг юм биш биздээ” гэсэн “асуулт”-ыг сэтгүүлчид тавьсан. Үүгээрээ Л.Оюун-Эрдэнэ “С.Зоригийг хөнөөсөн нь улс төрийн аллага” гээд шууд хэлчихсэн хэрэг.

Тэгвэл түүний ярьсан, бас өнгөрсөн 26 жилийн хугацаанд ил далд, барим тавим яригдаж, бичигдэж ирсэн үйл явдлуудыг нэгтгэн сэргээв. Иймэрхүү /зурагт үзүүлэв/  онц цагийн дараалал гарч ирж байна. 

Б.БАЯР

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 8. ДАВАА ГАРАГ. № 68, 69 (7312, 7313)

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.