? Г.Ариунбуян: Дөрвөн албан хаагч усны тусгай зориулалтын нэг хувцас дундаа дамжуулж хэрэглэж байна
Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, "Дүнжингарав" худалдааны төвийн уулзвар дээр болсон ноцтой осолтой холбогдуулан Улсын онцгой комисс өнөөдөр 14:00 цагаас хуралдсан.
Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Г.Ариунбуян, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан нар мэдээлэл хийлээ.
Гэнэтийн осол, гамшгийн үед гаргадаг тусгай сан байдаг эсэхийг тодруулахад, Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан:
-Гэнэтийн осол, гамшгийн үед гаргадаг сан гэж байхгүй. Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргадаг тодорхой хөрөнгийн эх үүвсэр бий. Осол гэмтэл, гамшгийг бууруулахтай холбоотой Онцгой байдлын ерөнхий газрын төсөв дээр тодорхой төсөв тавигддаг. Энэ нь гамшгийн үед аврах ажиллагаанд зарцуулагддаг. Манай иргэд бол автомашинаа даатгахаас өөр даатгалд хамрагдаггүй. Эрүүл мэнд, нийгмийн даатгалд хамрагддаг. Гэхдээ амь насаа даатгадаггүй. Цаашид даатгалд хамрагдах чиглэлд анхаарч, иргэд даатгалд хамрагддах болох шаардлагатай гэв.
Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хурандаа Г.Ариунбуян:
-Онцгой байдлын албан хаагчдын хувцас хэрэглэл, тоног төхөөрөмжийг төрөөс анхаарал хандуулж байгаа ч нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлагатай. Тусгай зориулалтын техник тоног төхөөрөмжийн хангалт улсын хэмжээнд 57 хувьтай, нийслэлд 55 хувьтай байна. Хүн нэг бүрийн хамгаалах хэрэгслийн хангалт 35-48 хувьтай. Дөрвөн албан хаагч усны тусгай зориулалтын нэг хувцас дундаа дамжуулж хэрэглэж байна. Энэ бол бодит үнэн. Цаашид онцгой анхаарах хэрэгтэй байгаа. Өчигдрийн хувьд албан хаагчид тусгай зориулалтын хувцастай, амьсгалын бие даасан төхөөрөмжтэй ажилласан.
Онцгой байдлын газрын алба хаагчид даатгалд хамрагддаг. Амиа алдсан албан хаагчид 50 сая төгрөгийг нөхөн олгодог гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.