“Моннис”-ийн Б.Чулуунбаатарыг залилсан пакистан эр суллагдав
Бусдын эд хөрөнгийг залилан мэхэлсэн хэрэгт холбогдон Хан-Уул дүүргийн шүүхээс 11 жил хорих ял шийтгүүлсэн Мохамед Ибрагим Мунши ялаа эдэлж дуусжээ.
Пакистанд төрсөн ч Британи, Австралийн иргэншил авсан тэрбээр “Гоби коал энд энержи”, “Зараяа холдингс” ХХК-ийн захирлаар ажиллаж байхдаа бусдыг залилсан хэрэгт холбогдсон байдаг. Тодруулбал, дээрх компаниуд Монгол Улсад уул уурхайн чиглэлийн маш том төсөл хэрэгжүүлж байгаа, оруулсан хөрөнгөө хэд дахин өндөр ашигтайгаар эргүүлэн авах боломжтой гэж хүмүүст итгүүлж, хөрөнгө оруулсны хариуд ТУЗ-д нэг суудал, Британийн Виржиний арлуудад бүртгэлтэй “Гоби коал энд энержи лимитед”, “Зараяа холдингс”, “Бумбат консолидетэд лимитед” компанийн бүх л асуудлыг шийдвэрлэхэд санал өгч, хамтдаа удирдах болно гэж байж.
Улмаар “Моннис интернэшнл” ХХК-ийн ерөнхий захирал Б.Чулуунбаатараас 25.5 сая ам.доллар буюу 31.6 тэрбум гаруй төгрөг залилан мэхэлж авсан хэрэгт буруутгагдсан. Тэрбээр шүүх хурлын үеэр мэдүүлэгтээ “Гоби коал энд энержи”, “Зараяа холдингс” ХХК-д Монголын бус, Хонконгийн банкаар дамжуулж хувьцааны төлбөрөө хийсэн. Тиймээс хэргийн харьяаллын хувьд Монголд шийдвэрлэх боломжгүй, хэргийн харьяалал зөрчсөн гэж үзэж байна.
Б.Чулуунбаатартай тухайн үед Ерөнхий сайд байсан Сү.Батболд танилцуулсан. Монголд буй авлига, гадаадын иргэдийн хөрөнгийг булааж авах гэсэн оролдлого танай улсыг цааш нь хөгжүүлэхгүй байгаа юм” хэмээн мэдүүлж байсан юм. Харин “Моннис” компанийн захирал Б.Чулуунбаатар “Би 25.5 сая ам.доллароо М.И.Муншид итгэж зээлдүүлсэн. Гэвч биднээс мөнгө авмагцаа эргэж холбогдохоо больсон. Дээрх хөрөнгө оруулалтыг хэрхэн юунд зарцуулсан, ордуудын үйл ажиллагаа, санхүүгийн байдал, бусад хувьцаа эзэмшигч нарын тухай мэдээллээ өгөхийг бид олон удаа шаардсан боловч өнөөг гаргаж өгөлгүй зайлсхийж байна.
Тэрбээр анх бидэнд ярихдаа “Гоби коал энд энержи” компанийн нэр дээр бүртгэлтэй Баянхонгор аймгийн Шинэжинст сумын нутагт байх Хотгорын, Говь-Алтай аймгийн Чандмань сумд байх Зээгтийн ордыг сайжруулсан, кокжсон нүүрснийх гэсэн боловч кокжсон нүүрс биш гэдэг нь тогтоогдсон” гэж мэдүүлсэн байдаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Мохаммед Ибрагим Муншид холбогдох хэргийг 2017 оны долоодугаар сард хэлэлцээд “Бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдүүлэн эд хөрөнгийг залилан мэхлэх гэмт хэрэг байнга үйлдэж амьдралын эх үүсвэрээ болгосон гэм буруутайд тооцож, хаалттай хорих ангид 11 жил ял эдүүлэхээр шийдвэрлэсэн.
Уг ялаа эдэлсэн тэрбээр суллагдаад шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгох хүсэлт өнгөрсөн долоодугаар сард Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хүргүүлсэн байна. Шүүх уг хүсэлтийг нь хүлээн авахаас татгалзжээ. Гэвч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Намсрайжав нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хандан гомдол гаргасан бөгөөд өнгөрсөн долоо хоногт хэлэлцэхээр товлосон ч хойшлуулжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.