Зеленский: ОХУ-д Умард Солонгосын найман мянга гаруй цэрэг байрлаж байна
Украины Батлан хамгаалах яамны Тагнуулын ерөнхий газрын шинэчилсэн тайланд үндэслэн Оросын Холбооны Улсын нутаг дэвсгэрт одоогоор Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын 8,000 гаруй цэрэг байрлаж байгааг Ерөнхийлөгч Володимир Зеленский мэдэгдлээ.
Тагнуулын мэдээллээр, БНАСАУ дахин 10,000 алба хаагчийг Орос руу илгээхээр урьдчилан шалгаруулж, тусгай бэлтгэл сургуулилалтад хамруулж эхэлжээ. Цаашид энэ тоо өсөж, урт хугацаандаа нийт 50,000 хүртэлх цэргийг байлдуулахаар илгээх эрсдэл бийг Украины төрийн тэргүүн өмнө нь анхааруулж байсан юм.
Цэргийн бие бүрэлдэхүүн илгээсний хариуд Кремль Пхеньянд зэвсэг техникийн томоохон дэмжлэг үзүүлж эхэлснийг Зеленский онцоллоо. Тодруулбал, Оросын талын техникийн туслалцаатайгаар Умард Солонгосын нутаг дэвсгэрт "Shahed" загварын дайрагч нисгэгчгүй онгоцыг үйлдвэрлэж байна. Үүнээс өмнө БНАСАУ нь их буу, миномётын сая сая сум, баллистик пуужин зэрэг алсын тусгалтай зэвсгийг ОХУ-д нийлүүлээд байсан билээ.
Нөгөө талд ОХУ бодит байдал дээр цэргийн нэмэлт дайчилгаагаа хэдийн эхлүүлээд зогсохгүй гадаадын иргэдийг зэвсэгт хүчиндээ татах ажиллагааг эрчимжүүлж буйг Киевийн тал тэмдэглэв. Энэхүү үйл явцтай зэрэгцэн ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зэвсэгт хүчнийхээ албан хаагчдын тоог 15,500-аар нэмэгдүүлэх тухай зарлигт гарын үсэг зурсан байна.
Энэ нь зөвхөн Украины аюулгүй байдлын асуудал биш бөгөөд нэг бүс нутаг дахь дарангуйллын аюул занал нөгөөд хэрхэн дамжиж буйг харуулж буйг Ерөнхийлөгч Володимир Зеленский санууллаа. Иймд холбоотнууд болон олон улсын байгууллагууд хамтын хүчээр сөрөн зогсож, ОХУ-д үзүүлэх хориг арга хэмжээний шахалтыг нэмэгдүүлэн, цэргийн хууль бус хамтын ажиллагааг нэн даруй таслан зогсоох шаардлагатайг уриалав.
Эх сурвалж:
• mk.co.kr
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.