“Капитал” банкныханд давуу байдал олгосон Н.Баяртсайханыг шүүхэд шилжүүллээ
УИХ-ын гишүүн, Монголбанкны ерөнхийлөгч зэрэг албан тушаал хашиж байсан Н.Баяртсайханд холбогдох хэрэгт Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдлээ.
Тэрбээр Төвбанкны тэргүүний үүрэг гүйцэтгэж байхдаа “Капитал“ банканд томилогдсон эрх хүлээн авагчийн зөвлөлийн гишүүдтэй гэрээ байгуулж, бусдад давуу байдал бий болгосон. Ингэснээр тус арилжааны банканд 1.4 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт буруутгагдаж байна.
Мөн тус банк нь харилцагч, хадгаламж эзэмшигч нарын анхны шаардлагаар төлбөр түргэн гүйцэтгэх чадваргүй болсон, 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс 2019 оны дөрөвдүгээр сарын 8-ныг хүртэлх хугацаанд Монголбанк руу 111 удаа заавал байлгах нөөцийн тайлан явуулж, улмаар төгрөгийн болон валютын заавал байх нөөцийн хувь хэмжээг хангаж ажиллаагүй байхад санхүүгийн байдлыг нь сайжруулж, алдагдлыг багасгах зорилгоор удирдлага, зохион байгуулалтын арга хэмжээ авах, банкийг албадан татан буулгах бүрэн эрхээ зориуд хэрэгжүүлэхгүй удаашруулсан.
Ингэснээр “Капитал банк” ХХК-д давуу байдал бий болгосон хэмээн яллагдагчаар татсан билээ. Н.Баяртсайханд Эрүүгийн хуулийн 22.1-3 дахь хэсгийн улс төрд нөлөө бүхий этгээд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулсан гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлээд байна. Тэрбээр 2021 онд хэрэг нээн шалгах үед хил давж, АНУ-д очсон байдаг. Түүнийг 2024 оны аравдугаар сард эх орондоо ирэхэд нь хууль сахиулагчид саатуулж, цагдан хорьсон ч шүүх суллан, хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.