? Чөлөөт хэвлэлийг хаасан энэхүү хууль бус үйлдлээ таслан зогсоохгүй бол МСНЭ шат дараатай тэмцэнэ

Цагдаагийн байгууллагаас ирсэн хүсэлтийн дагуу Харилцаа холбооны зохицуулах хороо Зариг сайтын хандалтыг хязгаарлажээ.

Тодруулбал, Зариг.мн сайтын сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг витамин зарсан зэрэг нийт гурван хэрэгт холбогдуулан шалгаж байгаа аж. 

Үйл явдалтай холбогдуулан ХХЗХ өнөөдөр өглөө тус сайтыг хаасан нь "Хэвлэл мэдээллийн эрх чөлөөнд халдсан ноцтой үйлдэл мөн" гэж Монголын сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэл үзэж байна. Иймд прокурорын бичгийг үндэслэн zarig.mn сайтын Монголоос хандах хандалтыг зогсоосонтой холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны сайдад шаардлага хүргүүлж байна

Уг шаардлагад, 

Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал танаа, 

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16-д иргэний “итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрх, эрх чөлөөг баталгаажуулж, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2-т “Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй” хэмээн заасныг төрийн нэрийн өмнөөс ажиллаж буй хууль сахиулах болон хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд шат дараалан зөрчиж, www.zarig.mn мэдээллийн сайтын хандалтыг хаасан үйлдлийг хууль бус хэмээн МСНЭ үзэж байна.

Мөн мэргэжлийн холбоод, сэтгүүлчид эрс эсэргүүцэн хэвлэлийн эрх чөлөө болон сэтгүүлчийн мэргэжлийн эрх ашгийг хөндсөн эл арга хэмжээгээ цуцлахыг Танаас хатуу шаардаж байна.

www.zarig.mn сайтын эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг ШЕЗ-ийн нэр хүндэд халдсан гэх гомдлын дагуу Эрүүгийн хуулийн 13.14 дүгээр зүйлээр хэрэг үүсгэн шалгаж байгаа ч “илт худал мэдээлэл” мөн эсэхийг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж, сэтгүүлчийг гэм буруутай мэтээр хандаж байгаа төдийгүй хүчин төгөлдөр хуулиас давсан журмыг хэрэгжүүлэгч Харилцаа холбооны зохицуулах хороо нь тэрхүү журамдаа ч тусгагдаагүй үндэслэлээр чөлөөт хэвлэлийг хаасан энэхүү хууль бус үйлдлийг даруй таслан зогсоохгүй бол МСНЭ шат дараатай тэмцэж, Олон улсын сэтгүүлчдийн холбоонд хандахаа мэдэгдэж байна.

Эх сурвалж: MPA, МСНЭ

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.