Оросын үнэн алдартны сүм их ван Дмитрий Донскойн чандрын үлдэгдлийг фронт руу илгээв
Оросын үнэн алдартны сүм болон Кремлийн эрх баригчид Украины зүүн бүс дэх фронтын шугам руу XIV зууны их ван Дмитрий Донскойн чандрын үлдэгдлийг илгээж, цэргүүдийн дунд залах ажиллагааг эхлүүлжээ. Есдүгээр сарын эхээр байлдааны талбар луу хүргүүлсэн энэхүү нандин дурсгал нь 1988 онд гэгээнтнээр өргөмжлөгдсөн их вангийн сэлэм барьж тулалдаж байсан баруун гарын ясны хэсэг бөгөөд фронтод тулалдаж буй орос цэргүүдийн сэтгэл зүйг өргөх зорилготой аж.
Москвагийн Кремлийн Архангелийн сүмд хийсэн сэргээн засварлалтын явцад Дмитрий Донскойн бунхан гэнэт илэрсэн бөгөөд уг шарилыг Ерөнхийлөгч Владимир Путин биечлэн үзэж танилцсан байна. Үүний дараа уг чандрыг эзлэгдсэн Донецк мужийн Саур-Могила дурсгалын цогцолборт цэргийн офицеруудтай хамт анх дэлгэн үзүүлжээ. Улмаар цэргийн анги салбарууд болон фронтын тэргүүн шугамаар тойруулан цэргүүдэд мөргүүлж байгаа юм. Оросын эрх баригчид үүнээс өмнө XIII зууны цэргийн жанжин, их ван Александр Невскийн чандрыг фронтод аваачиж байсан түүхтэй.
Москвагийн патриархаас уг алхмыг өвлийн хүнд ширүүн нөхцөлд бэлтгэж буй дайчдыг сүнслэг байдлаар бэхжүүлэх, "ариун жанжин" тэдний дэргэд үл үзэгдэгч байдлаар мөр зэрэгцэн зогсох ач холбогдолтой хэмээн тайлбарлаж байна. Мөн судлаачдын тэмдэглэснээр 1380 оны Куликовын тулалдаанд Алтан Ордны эсрэг хүчээ удирдан тулалдсан Дмитрий Донскойг эх орноо хамгаалагч хэмээн сурталчилдаг.
Ийм замаар Кремль дайныг түрэмгийлэл бус, харин гадны аюул заналаас өөрийгөө хамгаалах "ариун дайн" мэтээр харуулахыг зорьж байна.
Фордхэмийн их сургуулийн Үнэн алдартны шашин судлалын төвийн судлаач Сергей Чапнины онцолсноор Патриарх Кириллийн удирддаг сүм болон төр засаг бүрэн нягтарч, төрийн цэргийн ажиллагааг зөвтгөхийн тулд шашны уламжлал, үндсэрхэг үзлийг ашиглаж байна. Дайны талбарт зарим цэрэг шашны эд зүйлсээс сэтгэлийн тайвшрал авч байгаа ч орчин үеийн зэвсэгт мөргөлдөөний хүндрэлийг шийдэх нийтлэг бус арга гэж үзэх хандлага ч байна. Түүнчлэн хараат бус түүхчид болон сүмийн зарим шүүмжлэгч санваартнууд үүнийг дайны үеийн төрийн суртал ухуулгад шашны зан үйлийг ашигласан үйлдэл хэмээн шүүмжилжээ.
Эх сурвалж:
• geo.tv
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.