Непалын ууланд цасны нуранги бууж 14 хүн сураггүй болжээ
Непалын Гималайн нурууны Химлунг-Химал оргилд хүчтэй цасны нуранги бууж, авиралтын хуаранд байрлаж байсан уулын багийн 14 гишүүн сураггүй боллоо.
Мананг тойргийн Нар-Пху бүсэд орших, далайн түвшнээс дээш 7126 метрийн өндөртэй тус уулын бэл дэх хуаран цасанд дарагдсан байна. Анх 8-10 хүн осолдсон гэж мэдээлж байсан боловч албаныхны хийсэн тооллогоор сураггүй бологсдын тоо ийнхүү нэмэгдсэн байна.
Сураггүй болсон хүмүүсийн дунд гадаадын уулчин байхгүй бөгөөд бүгд Непал улсын иргэд буюу шерпа, өндрийн хөтөч болон баазын туслах ажилтнууд юм. Тэдгээрийн найм нь "Himalayan Holidays Nepal" байгууллагын ажилтнууд бол үлдсэн нь "Imagine Nepal Treks" компанийн гал тогоо болон туслах багийн бүрэлдэхүүн байжээ. Непалын нутгийн иргэдээс бүрдсэн уг баг авиралтын хуаранг бэлдэх, зам гаргах, хамгаалалтын олс татахаар урьдчилан очоод байсан бөгөөд гадаадын жуулчид таваас зургаан өдрийн дараа хуаранд очихоор төлөвлөж байсан аж.
Хэрэг явдал болсон ням гаргийн өглөө орон нутгийн цагаар 09:40 минутын орчимд тус бүлэгтэй холбоо тасарчээ. Багийн нэгэн шерпа оператортойгоо богино долгионоор холбогдон хүмүүс сураггүй болсныг дуулгаж, аврах нисдэг тэрэг явуулахыг хүссэн боловч үүний дараа холбоо бүрэн тасарсан байна. Түүнээс хойш тухайн хуарангаас ямар нэгэн холбоо харилцаа тогтоогдоогүй тул яаралтай эрэн хайх ажиллагааг эхлүүлэх шийдвэр гаргажээ.
Гэвч байгаль, цаг уурын хүнд нөхцөл байдал аврах ажиллагаанд томоохон саад учруулж байна. Хүчтэй цасан шуурга шуурч, үзэгдэх орчин эрс хязгаарлагдсаны улмаас Катманду болон Покхара хотод бэлэн байдалд байгаа хувийн нисдэг тэргүүд осол гарсан уул руу нислэг үйлдэж чадахгүй хүлээж байна. Үүнтэй холбогдуулан Непалын Аялал жуулчлалын газар болон аялал зохион байгуулагч компаниуд хамтран цаг агаар сайжирмагц цэргийн нисэх онгоц, нисдэг тэргийг эрэн хайх ажилд дайчлахаар зохицуулж байна.
Өндөр уулын бүсэд ажиллах аврах албаныхны хувьд цаг агаарын нөхцөл сайжрах нь хамгийн чухал хүчин зүйл болоод байна. Одоогоор албаныхан газраар болон агаараар хүрэх боломжуудыг судлан, нөхцөл байдал намжмагц ажиллагааг эрчимтэй үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Эх сурвалж:
• belta.by
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.