Гэмтсэн охины аав: Найзыг нь нас барсан гэж хэлээгүй. Өөрөө мэдчихээд "Та байгаа гэж хэлсэн шүү дээ" гээд уйлаад л байна
Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд өчигдөр буюу 09 дүгээр сарын 21-ний өдөр хичээлдээ явж байсан өсвөр насны хоёр охиныг гарцаар гарч байхад нь дайрсан харамсалтай хэрэг гарсан.
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газраас хэргийн газар дээр шалгалт явуулахад, 12-13 насны хоёр эмэгтэй хүүхдийг гарцаар зам хөндлөн гарах үед Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэл мөргөжээ. Улмаар 12 настай, эмэгтэй “Н” ослын газарт амь насаа алдаж, 13 настай, эмэгтэй “Х” нь гэмтэн ГССҮТ-д эмчлүүлж байгаа юм.
Тухайн зам тээврийн осол гаргасан жолооч нь 27 настай эрэгтэй, осол гаргах үедээ согтууруулах ундаа хэрэглээгүй байсан нь тогтоогджээ. Мөн мансууруулах ямар нэгэн бодис хэрэглэсэн байсан эсэх дээр шинжилгээ авсан бөгөөд хариу гараагүй байгаа аж.
Гэмтсэн “Х” охины хувьд найзыгаа алдсандаа итгэж өгөхгүй хэцүү байгаа талаар түүний аав дараах ярилцлагыг өгчээ.
Гэмтсэн охины аав:
-Охины биеийн байдал сайнгүй байна. Эмчийн хэлж байгаагаар "Хөл, хамар хугарсан хагалгаа хийнэ. Өөр гэмтэл илрэх магадлалтай" гэсэн. Нэг гар нь хөдлөхгүй байгаа. Ирэх даваа гаргаас хагалгаанд орно.
Тухайн үед би ажил дээрээ байсан. Манай хүүхэд машинд мөргүүлээд ухаан алдаж, сэргэснийхээ дараа хажууд байсан хүнээрээ над руу яриулсан. Миний охин явган хүний гарцны харалдаа замын хашилт даваад унасан байсан. Найз нь эсрэг талын буудал руу шидэгдсэн байсан. Хоёр талын буудал нэлээн зайтай гэж бодохоор хүчтэй мөргөсөн байх. Мөргөсөн машин ч их эвдэрсэн байсан.
Би жолоочийг мэдэхгүй. Залуухан хүн нас барсан охины хажууд сууж байсан. Өчигдөр гэр бүлийнх нь хоёр хүн надтай ирж уулзсан. Хүүхдийн бие асуугаад явсан. Онц юм яриагүй. Би хууль хяналтын байгууллагаар шийдүүлнэ гэдгээ хэлсэн.
Охины минь сэтгэл зүй их хүнд байна. Найзыг нь нас барсан гэж хэлэхээс санаа зовоод амьд байгаа гэж ойлгуулсан байсан. Гэтэл өөрөө мэдчихээд "Та байгаа гэж хэлсэн шүү дээ" гээд уйлаад л байна. Сэтгэл зүйч ирнэ гэсэн ирээгүй байна. Хоёр охин найзтайгаа найман жил найзалсан, огт нэгнээсээ салдаггүй байсан юм хэмээв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.