Г.Ёндон: Ажилчид 5-7 сая төгрөгийн цалингаа 50 хувиар нэмж, хүүхдийг нь ажилд авахыг шаардсан
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон ажил хаялттай холбоотой мэдэгдэл хийлээ.
“Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Г.Ёндон:
-Ерөнхий захирал намайг ээлжийн амралттай байх үед ажил хаях талаар ҮЭХ-ноос гаргасан байсан. Ажил олгогчийн хувьд ҮЭХ-той хамтран баталсан дэгээ сахиж, боломжтой бүх арга хэмжээг авч ажиллана, хэлэлцээрийн явцад яригдсан санал, мэдээллийг гадагш гаргахгүй, хэвлэлд хандахгүй гэсэн дэгээ үйлдвэрийн зүгээс сахиж, ажил хаясан тухай мэдэгдэл гартал сошиалд хандаагүйг хэлэхийг хүсэж байна. Өчигдөр гаргасан уриалгад ямар нэгэн дарамт шахалт, хориглосон зүйл байхгүй бөгөөд ҮЭ-ээс хийж байгаа ажил хаялтад үйлдвэрийн удирдлагууд хүндэтгэлтэй хандаж байгаа. Ажил хаях нь хүний эрхийн асуудал. Гэхдээ бидний зүгээс хууль бус гэж үзэж байгаа уг ажил хаялтад оролцож байгаа ажилчдын хувьд шүүхээр хууль бус нь тогтоогдсон үед сөрөг нөхцөл байдал үүсэх магадлалтай учир өчигдөр орой ажилчдадаа хандаж уриалга гаргасан юм. Гэсэн ч ажил хаялт өнөөдөр эхэлсэн.
Ж.Мөнгөншагай нь үйлдвэрийн удирдлага ажил хаялтыг зогсонги байдалд оруулж байгаа гэдэг нь үндэслэлгүй юм.
Үйлдвэрийн зүгээс ҮЭХ-той зургаан удаа хуралдаж, олон асуудалд зөвшилцөлд хүрч байсан бөгөөд үндсэн цалинг 50%-аар нэмэгдүүлэх асуудалд үйлдвэрийн зүгээс тавьсан саналыг хүлээж авахгүйгээр өөрсдөө хурлыг орхиж гарч явсан юм. Үүний дараа өөрсдийнх нь хууль зөрчсөн үйлдлийг цохон тэмдэглэж шүүхэд хандсан болно.
2023 онд Ж.Мөнгөншагай нь ҮЭХ-ны сонгуульд өрсөлдөх үедээ үндсэн цалинг 50% нэмэгдүүлнэ гэсэн саналыг оруулж байсан. Тухайн үед сонгуульд өрсөлдөж байсан хүмүүсийн мөрийн хөтөлбөртэй үйлдвэрийн удирдлага танилцаж, зарим зүйлийг хэрэгжүүлэх боломжгүйг анхааруулж байсан. Удирдлагын багаас ҮЭХ-тойгоо хамтран ажиллахаа үргэлж илэрхийлсээр ирсэн. Тус мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжгүй гэдгээ илэрхийлж, танилцуулж, тайлбарлаж хэлсээр ирсэн.
2024 оноос "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилтнуудын цалинг 15%-аар нэмэх саналыг "Эрдэнэс Монгол" компанийн тайлангийн хурлын үеэр танилцуулж, зөвшилцөлд хүрсэн байсан. Энэ дагуу бизнес төлөвлөгөөгөө боловсруулж байсан.
Энэ нөхцөл байдалд ҮЭ-ээс ажилчдын цалинг нэмэх санал тавьсан бөгөөд бидний зүгээс 2024-2026 онд 15% буюу гурван жилийн хугацаанд 56%-аар цалинг нэмэх тооцоог гаргаж танилцуулсан. Гэвч ҮЭ-ийн нөхдүүд энэ тооцооллыг хүлээж аваагүй. Бидний саналыг хүлээн авалгүй, хурлыг орхин гарч явсан. Бидний тавьсан санал хэвээрээ байгаа гэдгийг хэлмээр байна. Хэлэлцээрээ үргэлжлүүлэн тавих саналаа бид илэрхийлсээр байгаа.
ҮЭ-ийн ажил хаялтыг хүндэтгэж харьцаж байгаа ч хуулийн хүрээнд явагдах ёстой. Эрдэнэт үйлдвэр улсын төсвийн 10 гаруй хувийг бүрдүүлдэг. Онцгой үйлдвэрийн хувьд бүх тооцоо судалгаа, тодорхой төлөвлөгөөний дагуу төсөвт суусан байдаг.
Цалинг нэг удаа 50%-аар нэмэхэд төсөвт 220 тэрбум төгрөгийн нэмэлт ачаалал үүсгэхээр байна.
Уурхайчдын цалинг нэмэхийг бүх талаар дэмждэг. Гэхдээ нэг хүн ямар ч тооцоо судалгаагүй, санаанд орсон тоог хэлчхээд муйхарлаж зүтгэх нь бидний хэлэлцээрийг мухардалд оруулж байна гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.