СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Эдийн засаг | 2023-05-18

НӨАТ-аар оролдож болно vs болохгүй

Нийтэлсэн
11 сарын өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
11 сарын өмнө

Нийгэм, эдийн засгийн мэдээллийг багцлан хүргэдэг BloombergTV мэдээний хуудсыг та бүхэнд танилцуулъя. 

Гурван өгүүлбэрээр

НӨАТ-аар оролдож болно vs. болохгүй (Байр суурь хэсгээс уншаарай)
АмЧам Монгол: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд урамшуулал, татварын дэмжлэгүүд хангалттай бус байна.
Франц улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон тавдугаар сарын 21, 22-ны өдрүүдэд Монголд айлчилна.

АмЧам-ын зөвлөмж

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд урамшууллын төрөл хэтэрхий цөөн, татварын дэмжлэгүүд хангалттай бус байна гэж Монгол дахь Америкийн худалдааны танхим үзэж байна. Энэ нь Монгол Улс бүс нутгийн хэмжээнд өрсөлдөхүйц хөрөнгө оруулалт татах улс болоход сөргөөр нөлөөлөх бөгөөд ялангуяа хуулийн төсөлд тусгагдсан хөшүүргийг харвал гадаадын хөрөнгө оруулагчид Монгол Улсаас илүү БНСУ, Казахстан, Вьетнам, Камбож зэрэг орнуудад хөрөнгө оруулалт хийхээр байгааг анхааруулжээ. Хуулийн төсөлтэй холбоотой “АмЧам Монгол”-ын бусад зөвлөмжүүдээс дурдвал:
📌 Татварын маргаан таслах зөвлөлийн нэгэн адил “Хөрөнгө оруулалтын маргаан таслах зөвлөл” байгуулах
📌 Арбитраар маргаан шийдвэрлэх зохицуулалт нь хугацаа их авдаг, өндөр зардалтай тул хөрөнгө оруулалтын маргаан шийдвэрлэх тухай заалт нэмэлтээр оруулах
📌 Одоо мөрдөгдөж буй хуульд заасан татварын үндсэн хөшүүрэг болох гаалийн албан татвар, НӨАТ-ын хувь хэмжээний дараах татвараас чөлөөлөх тухай хэсгийг хасалгүй хэвээр үлдээх

НӨАТ-аар оролдож болно vs. болохгүй

Дэлхийн банкнаас 2019 онд гаргасан “Хэтийдсэн өр зээлгүйгээр өсөх нь - Орлого, зарцуулалтын үр ашгийг сайжруулах асуудал” хэмээх тайланд дурдсанаар Монгол улсын хувьд НӨАТ нь тэгш байдлыг сулруулах нөлөөтэй байна. Учир нь өндөр орлоготой бүлэгтэй харьцуулахад орлого багатай хэсэгт илүү хүнд дарамт болж байгаа аж. 

152 ихдэх үү?

Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг нийтэд танилцуулж, хэлэлцүүлж, иргэдийн саналыг тусгахаар болсныг УИХ дахь Монгол Ардын Намын бүлэг мэдэгдлээ. Энэ хүрээнд УИХ-ын гишүүдийн тоог 152 болгох саналыг өөрчилж, түүнээс цөөн болгох, сонгуулийн холимог системд мажоритар бүтцийг давуу байлгахаар санал тогтсон байна. Өмнө нь УИХ-ыг 152 гишүүнтэй болгож, талыг нь мажоритар, талыг нь пропорционал системээр сонгохоор Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санал гаргаад байсан юм.

Нүүрс тээвэр буурав

БНХАУ-ын Ганцмод боомтоор өдөрт нэвтэрч буй Монголын нүүрс тээврийн автомашины тоо бага түвшинд буюу 600-аас доош байгааг “Sxcoal” мэдээллээ. 2023 оны хоёрдугаар сард Монголын талаас нүүрс тээвэр сэргэж, тус боомтоор нэвтэрч буй автомашины тоо 1,000 давж байв. Тэгвэл одоогоор зөвхөн том худалдан авагчдын болон цахим дуудлага худалдааны нүүрсний тээврүүд үргэлжилж байгаа бол жижиг арилжаа эрхлэгчид алдагдлаас шалтгаалан нүүрс авахаа зогсоогоод байна.

Тэрбумын босго руу

Хүн амын насжилт нэмэгдсээр байгаа Япон улсад бизнес эрхлэгчид, энтрепренерүүдэд тулгамддаг асуудал нь өв залгамжлал болоод байна. Тэгвэл Шүнсакү Сагами хэмээх нэгэн залуу Үүсгэн байгуулагч нь тэтгэвэрт гарах дөхөж буй компаниудыг хиймэл оюуны тусламжтай хэлцэлд зуучилж өгөх замаар дээрх төвөгтэй асуудалд шийдэл олдог болжээ. Чухам энэхүү бизнес түүний компанийн хувьцааны ханшийг Токиогийн биржид долоо дахин өсгөж, улмаар хөрөнгийн хэмжээ нь 950 сая ам.доллар хүрч эрс өсөхөд түлхэц болсон байна. Тэрбээр нэгдэн нийлэх хэлцлийн эзэнт гүрнээ хэрхэн босгосон тухай нийтлэлийг ЭНД дарж үргэлжлүүлэн уншаарай.

Нүсэр арилжаа

“Pfizer” компани 31 тэрбум ам.доллароор үнэлэгдэх бонд арилжаалахаар болсон нь АНУ-ын түүхэнд дөрөвдүгээрт бичигдэх хамгийн өндөр дүнтэй бондын арилжаанд тооцогдохоор байна. Нийт захиалга нь 85 тэрбум ам.долларт хүрээд байгаа хөрөнгө оруулалтын зэрэглэлийн тус бондыг компани найман хэсэгт хуваан арилжаалах бөгөөд хамгийн урт буюу 40 жилийн хугацаатай хэсэг нь Засгийн газрын бондоос 1.6 нэгж хувиар өндөр өгөөжтэй байх аж.

Төөрөгдлийг арилгана

Хиймэл оюунаар бүтээгдсэн хуурамч зургууд цахим орчинд ихээр түгж байгаатай холбоотойгоор “Google” компани энэ төрлийн зургийг илрүүлэх, хуурамч мэдээллийн тархалтыг хязгаарлах хэрэгслээ танилцуулахаар төлөвлөж байна. "About This Image" хэмээх шинэ функц нь тухайн зураг анх хэзээ “Google”-д бүртгэгдэж, аль платформд тавигдсаныг харуулах тул хэрэглэгчид зургийн эх сурвалжийг тогтоон, ямар нэг агуулгын өөрчлөлт орсон эсэхийг мэдэх боломжтой юм байна. Мөн хиймэл оюунаар бүтээгдсэн зургуудад “Google” нэг бүрчлэн тэмдэг тавих аж.
 

Брэндийн соронз

"Gucci" найман жилийн дараа анх удаа Сөүл хотод загварын шоу зохион байгууллаа. Санхүүгийн хүндрэлтэй тулгараад буй тус брэндийг эзэмшдэг "Kering" компани Өмнөд Солонгосын соёлын өсөн нэмэгдсээр буй нөөц бололцоог ашиглаж, мөн тансаг бүтээгдэхүүний хэрэглээгээр Азидаа тэргүүлдэг зах зээлд байр сууриа улам бэхжүүлэхээр зорьж байгаа юм. Сөүл хотын түүхт Кёнбоккун ордонд зохион байгуулагдсан тус шоунд Холливудын жүжигчид, Kpop одод уригдсаны зэрэгцээ Оскарын шагналт "Parasite" киноны хөгжимд моделиуд тайзан дээр алхжээ. "Morgan Stanley"-ийн тооцоогоор "Gucci" брэнд өнгөрсөн онд нийт жижиглэн худалдааны борлуулалтынхаа 9 орчим хувийг БНСУ-аас бүрдүүлсэн аж. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.