УИХ-ын дарга хоёр хүүхдээ төрийн сангийн зээлээр сургажээ
Боловсролын зээлийн сангийн 1997-2023 оны мэдээллүүдийг ил байршуулж байгаа талаараа өчигдөр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан мэдэгдсэн. Тэрээр энэ талаар "Боловсролын зээлийн сангийн зээлээр дарга нарын хүүхэд гадаадад сургуульд явдаг гэсэн ойлголт нийгэмд үүсэж, эцэг, эхчүүдийн нэр, аль улсын ямар нэртэй сургуульд элссэн болон авсан зээлийн мэдээллийг ил болгохыг өнгөрсөн жилээс шаардаж байсны дагуу өнөөдрөөс ил болж байна" гэсэн билээ.
Нээлттэй болсон мэдээллээс харахад Монгол улсын Их хурлын дарга Г.Занданшатар өөрөө Нидерландын их сургуульд сурч байснаас гадна ууган хоёр хүүхдээ Боловсролын зээлийн сангийн зээлээр сургасан нь ил болов.
УИХ-ын дарга Г.Занданшатарын хүү Алтангэрэл, охин Должинсүрэн нар хоёулаа Калифорнийн их сургуульд суралцсан бөгөөд дөрвөн жилийн төлбөрт 96 ба 13 мянган ам.долларыг Боловсролын зээлийн сангаас авчээ.
УИХ-ын дарга хөрөнгө орлогын мэдүүлэгтээ гэр бүлийн жилийн орлого 217 сая төгрөг, нэг орон сууцтай, нэг үйлчилгээний зориулалттай объекттой ба энэ бүхнээ 1.1 тэрбум төгрөгөөр үнэлжээ. 130 сая төгрөгийн үнэт эдлэлтэй. "Монитор консалтинг групп" ХХК гэх мэт компанийг 100 хувь эзэмшдэг гэж мэдүүлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.