Хоёр настай охинд гэмтлийн зэрэг тогтоогдвол эрүүгийн хэрэг нээж, шалгана
"Миний охиныг цэцэрлэгийн багш нь зодож, гэмтэл учруулсан байна" гэх дуудлага, мэдээлэл 2023 оны гуравдугаар сарын 21-ний өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу Баянгол дүүргийн цагдаагийн газрын 2 дугаар хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж.
Түүнчлэн охины гэмтэлд гэмтлийн зэрэг тодорхойлуулахаар шинжээч эмч томилжээ. Гэмтлийн зэргээс шалтгаалан эрүүгийн хэрэг эсвэл зөрчлийн хэрэг нээх асуудал яригдах юм. Хэрэв гэмтлийн зэрэг гарвал эрүүгийн хэрэг нээж, шалгаж, прокурорт саналаа танилцуулна хэмээн цагдаагийн байгууллагаас мэдээллээ.
Энэ талаар охины ээж:
-Хоёрхон настай хүүхэд хүчирхийллийн золиос биш! 2023 оны гуравдугаар сарын 20 буюу нэг дэх өдрийн орой охиноо цэцэрлэгээс авдаг эгчийн гэрээс очиж авлаа. "Танай охин цэцэрлэг дээрээ бэртсэн бололтой. Багш нь хэлж байна билээ" гэж дамжуулан хэлж өглөө.
Охиныхоо духыг хартал зүүн хэсэгтээ хөхөрч хавдан, судас нь дагаж тэлсэн хагаралттай байлаа. Үүнийг хараад багш руу нь залган асуутал "Анги дээрээ тоглож байхад нь хүүхэд ийм болгочихлоо" гэсэн хариу тайлбар өгсөн.
Хөхрөлтөөс харахад бага насны ялангуяа хоёрхон настай хүүхдийн хийх үйлдэл яавч биш байсан. Өглөө очиж камер шүүж үзтэл бурхан минь, охиныг минь цэцэрлэгийн хаалганаас авахуулан чирж, газар унах үед гараас нь татан савчиж, агаарт өргөн чирж ариун цэврийн өрөө рүү авч орон 5 минут орчим байлгаж байгаа дүр зураг харагдлаа. Энэ хооронд юу болж байгаа нь ойлгомжтой байсан. Багш хүүхдийг камерын бичлэг хийдэггүй газар оруулан хүчирхийлэл үйлддэг нь ил тод. Угаасаа камерын бичлэг дээр багшаас өөр хүн хүүхдэд маань хүрээгүй нь тод бөгөөд томруун харагдана.
Өмнө нь хүүхдийн маань хамарт шүр чихэж явуулах мөн хүүхэд хүндээр бие засах үед арчиж өгөөгүйгээс үүдэн хүүхдийн эмзэг газрууд өтгөндөө түлэгдэн үнэр орох, чих рүү нь цохьсоноос үйлдэлтэй цус хуралт гэх мэт асуудлууд бишгүй гарч байсан. Цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйчид удаа дараа мэдэгдсэн боловч ямар ч арга хэмжээ авалгүй өдийг хүрсэн. Хоёр багш ангидаа орилж хүүхдүүдтэй зүй бус харьцаж байгаа мэргэжлийн сурган хүмүүжүүлэх арга барил эзэмшсэн хүмүүс яавч биш. 93-р цэцэрлэг юу хийдэг юм бэ? Энэ болзошгүй эрсдэлийг бид тооцоолоод удаа дараа гомдол гаргаад байхад эцсийн үр дүндээ хүүхэд минь бие болоод сэтгэлийн гэмтэлтэй болоод үлдлээ" хэмээн өөрийн цахим хаягаараа илэрхийлжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.