СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн 2023 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалт энэ долоо хоногт болно

Нийтэлсэн
1 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
1 жилийн өмнө

БНСУ-д ажиллах хүсэлтэй иргэдийн 2023 оны Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтыг 2023.03.9,10-ны өдрүүдэд WWW.EHALAMJ.MN вэбсайтаар бүртгэх тов гарлаа.

Цахим бүртгэлийн системд бүртгүүлэх дэлгэрэнгүй зааварчилгааг гуравдугаар сарын 7-ний өдөр уг цахим хуудаст байршуулна. Иргэн та www.hudulmur-halamj.gov.mn, www.monkor.net сайтаас тус тус үзнэ үү.

Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл:

Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас (www.ehalamj.mn) –аар 2023.03.9,10-ны өдрүүдэд 09:00- 17:30 цагийн хооронд нэвтэрч бүртгэл хийлгэнэ. Бүртгэлийн тооны дээд хязгаарыг и-халамж бүртгэлийн хуудас дээр зааж өгсөн байх бөгөөд бүртгэх квот дуусмагц бүртгэлийн систем хаагдана. /Зөвхөн дурдсан өдөр, цагт хандахыг анхаарна уу/

  • Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой.
  • Бүртгүүлэх иргэн харьяалал хамаарахгүй бөгөөд цэснээс өөрийн оршин суух нийслэл, аймаг, дүүргийг сонгоно.
  • Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой. Мөн хугацаа нь дууссан гадаад паспортаар бүртгүүлж болно. /Иргэний үнэмлэхний лавлагаагаар бүртгэл хийгдэхгүй.
  • Солонгос хэлний анхан шатны хэлний мэдлэг шалгах тестийн таван асуултын гурван асуултад зөв хариулсан тохиолдолд бүртгэл үргэлжлүүлэн хийгдэнэ.
  • Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ.
  • Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсний дараа бичиг баримтыг зургаар оруулна.
  • Бүртгүүлэх бичиг баримт нь /гадаад паспорт эсвэл иргэний цахим үнэмлэх/ болон цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./
  • Дахин нэвтэрч ороход нэвтрэх нэр нь регистрын дугаар, нууц дугаар нь бүртгүүлсэн гар утасны дугаар байна.

Нийт бүртгүүлэх боломжтой дээд хязгаарын тоо нь 14,000 байна. Үүнээс, Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаас сонгож авах хүний тоо 2404, эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөж буй тоонд тэнцүүлнэ. Ижил оноотой бол багтана. /Харааны харалган буюу өнгө ялгах чадваргүй бол хасагдана./

Солонгос хэлний шалгалт өгч тэнцсэн иргэн ур чадварын шалгалтад ороогүй тохиолдолд эцсийн шалгаруулалтаас хасагдана.

Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл:

  • Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/
  • Өөрийн бүртгэлтэй утасны дугаарыг зөв бичнэ. Төлбөр төлөгдөж, баталгаажсан иргэнд ХХҮЕГ-ын 131288 тусгай дугаараас бүртгүүлсэн гар утасны дугаарт 5040.... дугаарыг мессэжээр илгээнэ.
  • Бүртгэл хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 09, 10-ны өдрүүдэд 28 ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийг бүртгэлийн програмд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. /Урьдчилан тушаах боломжгүй/
  • Бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал /2023 оны 3-р сарын 13~20-ны дотор ХХҮЕГ-т бичгээр хүсэлт гаргаж /орон нутгийн иргэд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс/ хураамжийг буцаан авах боломжтой. Дээрх хугацаанд хүсэлт гаргаагүй тохиолдолд буцаан олгох боломжгүй.
  • Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга бүхий 11 оронтой кодыг зөв гаргацтай бичнэ.

Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага:

  • 18- 39 настай байх (1983 оны 3-р сарын 10-наас 2005 оны 3-р сарын 09-ны өдрийн хооронд төрсөн байх);
  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх;
  • БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх;
  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй;
  • БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх;
  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх;
  • Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно);
  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх;
  • Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангилалын визээр бүртгүүлэх боломжгүй.

Бүртгэгдсэн болон шалгалт өгөх хуваарийг таны бүртгэлтэй гар утасны дугаарт ХХҮЕГ-ын 131288 тусгай дугаараас мессежээр илгээх бөгөөл  мессеж очоогүй тохиолдолд тухайн иргэн өөрийн биеэр ХХҮЕГ-т ирж мэдээлэл авах боломжтой. 

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.