ОХУ-ын ЭСЯ: Монгол Улсын БШУЯ дангаар мэдэж МОХС-ийн захирлыг огцруулах боломжгүй
МОХС-ийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болсон асуудлаар ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ албан ёсны мэдэгдэл гаргасан байна.
Тус мэдэгдэлд:
"Орос-Монголын хамтарсан сургуулийн удирдлагын эргэн тойронд үүссэн нөхцөл байдал, тэр тусмаа сурагчдын эцэг, эхийн санаа ихэд зовниж, олон тооны өргөдөл, гомдол (Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Гадаад хэргийн сайд, ОХУ-ын Боловсролын сайд, Россотрудничество агентлагийн тэргүүн, Бүгд Найрамдах Буриад Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайдын үүрэг гүйцэтгэгч, ОХУ-аас Улаанбаатарт суугаа Элчин сайд нарт) гаргасантай холбогдуулан дараах мэдээллийг хүргэж байна.
Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан тус сургуулийн захирал Ж.Соронзонг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөр шийдвэрлэсэн талаар, түүний тушаалын агуулгыг одоог хүртэл Оросын талд танилцуулаагүй байна. Энэхүү боловсролын байгууллагын захирлыг огцруулах асуудал албан ёсны баримт бичигт хууль ёсоор зохицуулагдаагүй бөгөөд Оросын талтай нэн даруй зөвлөлдөх шаардлагатай. Тус сургуулийн дүрэмд, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам захирлыг томилох эрхтэй гэсэн заалт тусгагдсан ч захирлыг огцруулах эрхийн талаар юу ч дурдаагүй. Хууль зүйн шинжлэх ухаанд, нэг эрх нь нөгөө эрхийг автоматаар бий болгодоггүй.
Түүнчлэн боловсон хүчний өөрчлөлт хийсэн хугацаа нь тохиромжгүй байна. Тус сургууль 30 дахь хичээлийн жилийн ойгоо эхлүүлээд байгаа ч харамсалтай нь захирлыг нь халсан асуудалд сурагч, эцэг, эхчүүд тодорхой хэмжээнд орооцолдоод байна. Мөн тус сургуулийн уламжлалт чанарыг хангах, Монгол дахь Оросын боловсролын тэргүүлэгч сургууль гэсэн статусыг хадгалахын төлөө илт бөгөөд туйлын хүчин чармайлт гаргасангүй. Энэхүү сургууль улсынхаа тэргүүний цолоор гурван удаа, "ОХУ-ын боловсролын чанарын тэмдэг"-ээр хоёр удаа шагнуулж байсан. Төгсөгчдийн сурлагын өндөр үр дүн нь сургалтын үр дүнтэй байдлын баталгаа. 2022 онд Монгол Улсын Элсэлтийн ерөнхий шалгалтад дээд оноо авсан сурагчдын тоогоороо шинэ амжилт тогтоосон. Эдгээр үзүүлэлтээр Орос-Монголын хамтарсан сургууль нь улсынхаа шилдэг арван сургуульд ямагт тэргүүлж, ОХУ-ын гадаадын шилдэг боловсролын байгууллагуудын нэг болсон бөгөөд удахгүй Оросын "Мэдлэг" нийгэмлэгийн боловсролын сэдэвтэй киноны төсөлд тусгаж, ОХУ-ын тэргүүлэгч сувгуудаар цацахаар төлөвлөж байна.
2020 онд ОХУ-ын Боловсрол, шинжлэх ухааны албаны шийдвэрээр тус сургуулийг түшиглэн ОХУ-ын Улсын нэгдсэн шалгалт өгөх төвийг байгуулсан. 2022 онд 10, 12-р ангийн бүх сурагч энэхүү шалгалтыг амжилттай өгч, орос гэрчилгээ авсан.
Ж.Соронзон Орос-Монголын ерөнхий боловсролын салбар дахь хамтын ажиллагааны шилдэг уламжлалыг тууштай баримтлахын зэрэгцээ англи, герман, хятад, япон, турк хэлийг сургалтын хөтөлбөртөө шат дараатай оруулж, сурагчдад янз бүрийн улс орны амьдрал, давуу талуудыг танилцуулж, 30 жилийн турш дэлхийн туршлагыг идэвхтэй хэрэгжүүлж байна.
Мөн ОХУ-аас 240 гаруй, Монголоос 40 гаруй мэргэжилтнээс бүрдсэн баг үндсэн хичээлүүдийг орос, монгол хэлээр заадаг ч Хятад, АНУ, Япон, Герман, Их Британи, Австрали, Канад, Итали, Чех, Бразилын төрөлх хэлтэй багш нар ч ажилладаг.
2022 онд 118 төгсөгчдийн 52 нь Орос, гадаадын (Канад, АНУ, Япон, Турк, Герман, БНСУ зэрэг) хамгийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад үнэ төлбөргүй суралцахаар элсэн орсон. Үлдсэн нь - Монголын дээд боловсролын байгууллагуудад элссэн. Жил бүр сурагчид нь олон улсын болон улсын олимпиад, уралдаан, спорт, бүтээлч уралдаануудад ялалт байгуулдаг.
Шилдэг багшлах боловсон хүчнийг сонгон шалгаруулж, идэвхтэй менежмент, үр дүнд хүрсэн удирдлагын зорилтот бодлого нь Монголын эцэг, эхчүүдийн дунд хүүхдээ тус сургуульд сургах эрэлт хэрэгцээг үүсгээд байна. Тус сургууль ашиглалтад орсон эхний жилдээ 500 сурагчтай байсан бол өнөөдөр тэдний тоо тав гаруй дахин нэмэгдэж, 2710 сурагчид хүрчээ. Мөн уг сургууль нь Монгол Улсын хэмжээнд элсэлтийн шалгалт зохион байгуулдаг цорын ганц боловсролын байгууллага юм. Өндөр нэр хүнд ба боломжийн үнэ (жилийн сургалтын төлбөр нь ангиасаа хамаарч 3 саяас 6 сая төгрөгийн хооронд хэлбэлздэг) нь Монгол дахь гадаадын бусад сургуулиудтай харьцуулахад (Улаанбаатар дахь Бритиш Сургууль - жилд 82 сая хүртэлх төгрөг) Орос-Монголын хамтарсан сургуулийн ялгарах онцлог юм. Өнгөрсөн хичээлийн жилийн дүнгээс харахад, сургуулийн захиргаа, эцэг, эхчүүдтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ “Онц”, “Сайн” биелүүлсэн гэж эцэг, эхчүүдийн 85 хувь нь үзжээ.
2022/2023 оны хичээлийн жилд Орос-Монголын хамтарсан сургууль байгуулагдсаны 30 жилийн ой тохиож байна. Энэ бүх жилд Монгол Улсын гавьяат багш, ОХУ-ын Ерөнхий боловсролын гавъяат ажилтан цол, ОХУ-ын төрийн дээд шагнал А.С.Пушкиний одонгоор шагнагдсан Ж.Соронзон тус сургуулийг удирдсан. Захирлынх нь бат бөх удирдлага, зохион байгуулалтын авъяасгүйгээр уг сургуулийн амжилт боломжгүй байх байсан. Хичээлийн шинэ жилийн эхэнд сургуулийн удирдлага солигдсонтой холбоотой бухимдал сурагчид болон тэдний эцэг, эхчүүдийг таагүй байдалд оруулаад байна. Дашрамд дурдахад, эцэг, эхчүүд тус боловсролын байгууллагын үйл ажиллагаанд чухал байр суурь эзэлдэг бөгөөд төсвийнх нь ихэнх хувийг (86% - эцэг эхийн шимтгэл, 14% - Монгол Улсын төрийн сангийн орлого) бүрдүүлдэг тул сургуулийн ирээдүйг шийдвэрлэхэд санал өгөх эрхтэй.
Нэг үгээр хэлбэл, дээрх бүх нөхцөл нь ийм онцгой боловсролын байгууллагын хувь заяатай холбоотой тэнцвэрийг дээд зэргээр хангах шаардлагатайг харуулж байна.
Дашрамд дурдахад, Оросын өмчийн үндсэн дээр (сургалтын барилга, сургуулийн ажилтнуудын орон сууцны барилга) байгуулсан, Оросын боловсролын стандартын дагуу орос хэл дээр хичээл заадаг тус сургуулийг үүсгэн байгуулагчдын хувьд ОХУ нь сургуулийн захирлыг солих нь зүйтэй эсэхийг тодорхойлоход Монголын талтай заавал хамтран шийдвэрлэх ёстой (Хэрэв үнэхээр хүндэтгэн үзэх шалтгаан байсан ч). Монгол Улсын Нийслэлийн алслагдсан дүүрэгт Орос-Монголын хамтарсан төсвийн ЕБС-ийг шинээр байгуулах төслийн тухай ОХУ-ын Боловсролын яам, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам хоорондын хэлэлцээ эцсийн шатандаа ороод байгаа тул дээрх асуудлаарх мэргэжлийн хамтын ажиллагаа нь онцгой чухал юм" гэжээ.
Эх сурвалж: ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.