?LIVE: Э.Бат-Үүл: Монголыг бид Оросын "суганы үс" болгохгүй
Ардчилсан намын удирдлагууд дайныг эсэргүүцэж, Хэлмэгдэгсдийн хөшөөний дэргэд жагсаал зохион байгуулж байна.Жагсаалд оролцогчид "Монгол дахин Оросын суганы үс болохгүй", "Монголын ардчиллыг Азизовоор доромжлуулахаа боль" гэсэн уриа барьж, эсэргүүцлээ илэрхийллээ.
“Бид эрх чөлөөг эрхэмлэдэг, эрүүл ухаантай улс гэдгээ Лавровт харуулъя” гэх утга бүхий лоозонг барьсан байв. Тус жагсаалд Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл, Гавьяат жүжигчин Д.Сосорбарам, аялагч Г.Ганхүү болон АН-ын гишүүд оролцож байна.
АН-ын дарга Э.Бат-Үүл:
- Оросын холбооны улсын Гадаад хэргийн сайд С.В.Лавров өнөөдөр Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Украйны туршлагаас харахад Путин троллуудаараа эхэлж дайруулан Украйныг "эзэлж аваад" дараа нь цэргийн ажиллагаа явуулжээ. Монгол Путины троллуудад эзлэгдчихээд байгаа шүү. "Ажиллагаа" нь ирэх намар,эсхүл хавар эхлэх бололтой. Лавров ултиматум тавихаар ирж байна. Монголыг бид Оросын "суганы үс" болгохгүй. С.В.Лавров тэгж бодож байгаа бол санааны гарз гэдгийг зориуд хэлэх гэж энд ирсэн юм. Монгол эрх чөлөөтэй, нэр төртэй орон. Сүүлийн 30 жилд эрх чөлөөнийхөө амтыг мэдэрч гарсан ард түмэн. Эргэж түүнийг колоничлох гэж, өөрийнхөө бохир үйлдлийн дагуул болгох гэж байгаа бол бид эсэргүүцэн тэмцэх болно. Бид бас ард иргэдийнхээ зүрх, зоригийг сэргээх гэж ирсэн. Украинтай эв санаагаа нэгтгэсэн залуучууд, болон Д.Монголхүү энд ирсэн. Тэрбээр гавлагдах шүүхийн шийдвэртэй ч Монголын залуучуудын зүрх зоригийг унтраахгүйн төлөө энд хүрэлцэн иржээ.
Гурил цацдаг, зоддог болсон Монголын Путинчүүдээс айхгүй. Монголчууд олуулаа эр зоригтнууд болсон.
Хэлмэгдсэн хүмүүсийг мартаж болохгүй гэдгийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар болон гишүүдэд хандаж хэлье. Төрийн ордны хажууд 40,000 хэлмэгдсэн хүний хөшөө байгаа шүү. Энэ хүмүүсийг Зөвлөлтийн удирдагчдын даалгавар, шахалтаар устгасан. Эдгээр хүмүүс Сталин тэргүүтэй Зөвлөлтийн удирдагч нар Монголд зохион байгуулах үхлийн тоглоомны золиос болсон юм. Үүнийг төрийн түшээд битгий мартаарай.
Дөрвөн Ерөнхий сайд болон өчнөөн төрийн зүтгэлтнийг аваачиж цаазалсныг битгий мартаарай. Хэрвээ бид Оросын суганы үс болбол ийм хувь заяаг та нар бас хүлээнэ шүү. Лавровын түрэмгийллийг дэмжихгүй гэдгээ эр зоригтойгоор хэлмээр байна" хэмээн ярилаа.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.