Цагдаагийн алба хаагч, сэтгүүлчийн биед халдсан нь тогтоогдсон тул үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлсийг булаан авч, зургаан цагийн турш саатуулсан талаар gerelnews.mn сайтын сэтгүүлч Г.Гэрэлмаа мэдээлэл хийсэн юм. Тус хэрэгтэй холбогдуулан Сэтгүүлч Г.Гэрэлмаагийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдсан асуудлаар ЦЕГ-аас хийсэн албаны шалгалтын дүнгийн талаар мэдээлэл хийлээ.
Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, цагдаагийн хурандаа Ц.Ням-Очир “Уржигдар Хан-Уул дүүргийн 11-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Энигма” төвийн барилгыг буулгах Нийслэлийн Засаг даргын шийдвэрийн хэрэгжилтийн хангах явцад цагдаагийн алба хаагч сэтгүүлчийн биед халдсан гэх мэдээллээр сэтгүүлч Г.Гэрэлмаа гомдол гаргасан. Үүнтэй холбоотойгоор ХЗДХ-ийн сайдаас ирүүлсэн үүргийн дагуу ЦЕГ-ын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газраа албаны шалгалт явууллаа.
Албаны шалгалтаар цагдаагийн алба хаагч сэтгүүл, зураглаачийн биед халдсан, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд саад учруулсан гэм буруутай нь тогтоогдож байна. Тус асуудалд цагдаагийн байгууллагаас нийт хэвлэл мэдээллийн салбарынхнаас уучлалт хүсэж байна.
Нийслэлийн цагдаагийн газрын дарга, хурандаа н.Отгонжаргал, Нийтийн хэв журам хамгаалах газрын дарга, хурандаа н.Оюутуул нарт албан тушаалын сарын цалинг гурван сар 20 хувиар хасах сахилгын шийтгэл оногдууллаа. Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын дарга, хурандаа Т.Дамбийням, НЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах хэлтсийн эргүүл хамгаалалтын тасгийн дарга, дэд хурандаа н.Даваадорж нарт албан тушаал бууруулах сахилгын шийтгэл оногдууллаа.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн хэв журам хамгаалах тасгийн дарга, цагдаагийн хошууч н.Баянбямбыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө” гэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.