Өмгөөлөгч Г.Батзаяа: Э.Оюунболдын барилдах эрхийг сэргээж, уучлалт гуйх үүрэгтэй

Улсын арслан Э.Оюунболдоос дахин допинг илэрсэн тул улсын аварга цолыг нь хураан, барилдах эрхийг нь найман жилээр хасах шийдвэрийг МҮБХ-ноос гаргасан. Э.Оюунболд МҮБХ-ны шийдвэрийг эсэргүүцэн, Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүхэд гомдол гаргажээ. Монголын олон улсын ба үндэсний спортын арбитрын шүүх түүний гомдлыг хянан хэлэлцээд, МҮБХ-ны шийдвэрийг хүчингүй болгосон билээ. 

Үүнтэй холбогдуулан спортын арбитрч, өмгөөлөгч Г.Батзаяа өнөөдөр/2022.05.13/ тайлбар өгсөн юм. Тэрбээр "Спортын арбитрын шийдвэрийг бөхийн холбоо дагах үүрэгтэй" гэж мэдэгдэв. 

Өмгөөлөгч Г.Батзаяа:

-Монголын олон улсын ба үндэсний спортын арбитр 2017 онд байгуулагдсан, Монгол Улсын спорттой холбоотой зөрчил, маргааныг дотооддоо шийддэг байгууллага. Манайх нийт 65 спорт холбоо, олимпийн хороотой хамтын ажиллагааны гэрээтэй. Олон улсын арав гаруй спортын арбитрын байгууллагатай, Олон улсын олимпийн хороотой, спортын шүүхтэй гэрээтэй. Бөхийн холбоотой ч 2017 онд гэрээ байгуулсан.

2021 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр улсын арслан Э.Оюунболд спортын арбитрын шүүхэд нэхэмжлэл гаргасан. Бөхийн холбоонд холбогдох маргаан үүсгэхээр нэхэмжлэл гаргасан. Гол агуулга нь иргэн Э.Оюунболд бөхийн холбооны допингийн дүрэм нь дэлхийн допингийн дүрэм, олон улсын стандартад нийцээгүй байна гэсэн шаардлага хүргүүлсэн.

Хоёрдугаарт, дэлхийн допингийн дүрэмд үл нийцсэн заалт буюу бөхийн холбооны тэргүүлэгчдийн хурлаас гаргасан допингийн заалт зөрчилтэй гэж Э.Оюунболдтой холбогдох хэсгийг нь хүчингүй болгож, барилдах эрхийг сэргээж өгнө үү гэх шаардлага тавьсан. 

Гуравдугаарт, үндэсний бөхийн холбоог уучлал гуйж, олон нийтэд мэдээл гэсэн.

Дөрөвдүгээрт, 2021 онд болсон залуучуудын холбооны бөхийн барилдааны өмнөхөн Э.Оюунболдтой байгуулсан хариуцлагын гэрээг хүчингүй болгож өг гэсэн.

Арбитрын ажил он дамжин явагдаж, 2022 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр шийдвэр гарсан. Шийдвэрийн агуулга допингийн эсрэг дүрэм, олон улсын конвенцийг дагаж мөрдөх. Бөхийн холбооны дүрмийн 7.3.о-д заасан заалт олон улсын гэрээ, дэлхийн допингийн эсрэг дүрэмтэй нийцээгүй байгааг тогтоосон. Мөн Э.Оюунболдын барилдах эрхийг найман жилээр хассан гэх хэсгийг хүчингүй болгож, барилдах эрхийг нь сэргээсэн. Үлдсэн хоёр нэхэмжлэлийн шаардлагыг арбитрын бүрэлдэхүүн хангаагүй. Өөрөөр хэлбэл, дөрвөн шаардлагын хоёрыг нь арбитр шийдсэн. 

Энэ шийдвэрийг бөхийн холбоо дагаж мөрдөх үүрэгтэй. Хэрэв дагаагүй тохиолдолд албадан гүйцэтгүүлэх ажиллагаа үргэлжилнэ.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.