Хятад улс сонголтоо хийж, Украиныг дэмжсэн гэв
БНХАУ-ын дарга Ши Жиньпин ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ Украиныг дэмжиж буйгаа илэрхийлсэн гэж Украины Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Андрей Ермакийн зөвлөх Алексей Арестович мэдэгджээ.
Тэрээр энэ талаар "Хятад улс Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хүндэтгэж, бүх асуудлыг дипломат аргаар шийдвэрлэх хэрэгтэй гэж үзэж буйг Ши Жиньпин зарласан. Украины нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдалд Крым, Донбасс ч хамаарна гэдгийг сануулмаар байна. Хятад сонголтоо хийсэн" гэж хэлсэн байна.
Хятадын албаныхан дайнд Украин ялна гэж үзэж буйг онцолсон Арестович "Хятадын удирдлага зөвлөлдөж, энэ дайны үр дүнд Украин нутаг дэвсгэрээ бүхэлд нь чөлөөлж чадна гэсэн дүгнэлтэд хүрснийг Ши Жиньпиний мэдэгдэл харуулж байна" хэмээн тэмдэглэжээ.
ОХУ-ын эрх баригчид БНХАУ-аас цэрэг, эдийн засгийн тусламж хүсэж, Украин дахь бүрэн хэмжээний түрэмгийллийг нь дэмжихийг уриалсан гэж АНУ-ын хэвлэлүүд өмнө нь мэдээлсэн ч Орос, Хятадын зүгээс үүнийг няцаасан билээ. Түүнчлэн, Хятад улс хэзээ ч Украинд довтлохгүй, харин тусална гэж тус улсаас Украинд суугаа Элчин сайд Фан Сяньжун хэлсэн юм.
Эх сурвалж: НВ
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.