В.Зеленский: "Украин удахгүй хоёр Ялалтын баяртай болно"

Аугаа эх орны дайны ялалтын 77 жилийн ойн баярын цэргийн парад өнөөдөр Москва хотын Улаан талбайд өрнөсөн бөгөөд Ерөнхийлөгч Владимир Путин үг хэлэх үеэрээ Украин дахь нөхцөл байдлыг ЗХУ-ын нацист Германы эсрэг тэмцэлтэй харьцуулсан билээ. Тэгвэл Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский мөн энэ түүхэн өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүлэх үеэрээ Украин удахгүй хоёр Ялалтын баяртай болно гэж мэдэгджээ.

Украин улс ОХУ-ын эсрэг дайнд ялж, ямар ч газар нутгаа өгөхгүй гэж амласан Зеленский "Бид хүүхдүүдийнхээ эрх чөлөөний төлөө тэмцэж байгаа. Тийм учраас заавал ялна" хэмээн онцолсон байна.

Тэрээр үргэлжлүүлэн "Нацизмыг ялсан энэ өдөр бид шинэ ялалтын төлөө тэмцэж байна. Түүнд хүрэх зам хэцүү ч бид ялна гэдэгт эргэлзэхгүй байна. Украинчууд түүхэндээ олон удаа газар нутгаа хамгаалахын төлөө тулалдаж байсан эрх чөлөөт, өөрийн гэсэн "замтай" ард түмэн. Бидний эрх чөлөөт сэтгэлгээг хүлж чадах ямар ч дөнгө байхгүй. Эрх чөлөөт газар нутагт маань суурьшиж чадах ямар ч эзлэн түрэмгийлэгч байхгүй.

Украины ард түмэн хэн нэгний эсрэг биш, эх орныхоо төлөө тэмцэж байгааг тэмдэглэсэн Владимир Зеленский мэндчилгээнийхээ "Найман сая гаруй украинчуудын аминд хүрсэн Дэлхийн хоёрдугаар дайнд өвөг дээдэс маань юу хийснийг бид хэзээ ч мартахгүй. Бид өмнө нь ялсан, одоо ч ялна. Крещатик гудамжинд Украины ялалтын парад өрнөх болно. Нацизмыг ялсан өдрийн мэнд хүргэе!" хэмээсэн байна.

Эх сурвалж: Reuters, Euronews, Команда Зеленського

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.