Элчин сайдаар томилогдсон Ж.Сэрээжав удирдлага доорх ажилтандаа бэлгийн дарамт үзүүлжээ
Бүгд найрамдах социалист Вьетнам Улсад суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдоод байгаа Жигжээгийн Сэрээжав өөрийнхөө шууд удирдлагад ажилладаг ажилтандаа “бэлгийн дарамт үзүүлж, доромжилж байна” гэх мэдээлэл манай редакцид ирлээ.
Ж.Сэрээжав нь Вьетнамд суух элчин сайдаар томилогдохоосоо өмнө ГХЯ-ны Гадаад сурталчилгаа, соёлын харилцааны газрын захирлын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан бөгөөд өөрийн шууд удирдлагад ажилладаг ажилтандаа “Чиний өгзөг томорсон байна. Ковидын улмаас таргалсан чинь зохьсон байна. Чамайг алхах үед юбка чинь сөхөгдөөд өгзөг чинь сайхан харагдаж байна” гэх зэргээр удаа дараа хэлж, дипломатч хүнд хэзээ ч байж болохгүй зохисгүй авир араншин гаргаж дарамталж, доромжилсоор ирснийг хохирогч эмэгтэй хэллээ.
Монгол Улсынхаа нэрийг төлөөлж, БНСВУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхт элчин сайдаар томилогдсон Ж.Сэрээжавын энэхүү зүй бус үйлдэл нь “хүний бие махбод, сэтгэл санаа, эрүүл мэнд, нөхөн үржихүйн эрх, эрх чөлөө, бэлгийн болон хувийн халдашгүй байдалд халдсан хүний эрхийн ноцтой зөрчил” гэж олон улсад тооцогддог юм.
Ажилтандаа бэлгийн дарамт үзүүлж хохироосон гэх Ж.Сэрээжав өмнө нь Төрийн ёслолын албаны даргаар ажиллаж байх үедээ XYII жарны “Ялгуусан” хэмээх хөх морин жилийн хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө /2014.02.04/ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн ахмад настнуудтай хийсэн төрийн золголтын тавгийн идээг 10 үеэр зассан маш бүдүүлэг алдааныхаа төлөө ажлаасаа халагдаж байсан хар бараан түүхтэй.
Ж.Сэрээжавын зассан тавгийн идээ
Гэвч тэрбээр улс төр дэх холбоо сүлбээгээ ашиглан Засгийн газрын 2019 оны тавдугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсон боловч түүнийг Ерөнхийлөгч Х.Баттулга “Элчин сайд байх хэмжээний хүн биш” хэмээн үзэж, томилуулалгүй буцааж байсан юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.