Нөхөн сонгуульд МАН яагаад тэргүүлэв?

Нөхөн сонгууль ч бай, ер нь сонгуульд технологи ялдаг. Сонгуульд хэн тооцоо, стратеги, технологио сайн хийнэ, тэр ялна. СХД-ийн нөхөн сонгуулийн үеэр “Хэнд ч хамаагүй санал өгөөч ээ, 20 мянган төгрөг өгье” гэсэн зар гарсан нь “Ирц хүрвэл нэр дэвшигч нь ялах” тооцоон дээр ингэж хэлсэн байгаа. Энэ бол технологи.

Тэгэхээр СХД болон Хэнтийн сонгогчдыг бусад дүүргийн сонгогчид “тэнэг, мангар”-аар нь дуудахаас илүүтэй нөхцөл байдал ямар байсныг мэдээд авахад гэмгүй.

СХД-ийн 28 дугаар тойрог дээр 14 нэр дэвшигч нэр дэвшсэн. Хэнтийн 18 дугаар тойрог дээр зургаан нэр дэвшигч нэр дэвшсэн. Зуу ямаанд жаран ухна гэж монголчууд ярьдаг. . Асуудал Э.Батшугар, Ц.Идэртээ ч биш. Бусад 13 нэр дэвшигч саналаа хуваана гэж тооцсон нь СХД-ийн бүх хороо, хэсэг хөлтэй, дээр нь эрх баригч намын нэр дэвшигчид давуу тал болсон.

Хамгийн хүчтэй өрсөлдөгч байсан АН-аас нэр дэвшигч Э.Бат-Үүл яагаад гуравт оров? Хотын дарга байхдаа хэрэгжүүлж байсан зоримог арга хэмжээнүүдийн үр шимийг СХД-чууд хүртээгүй гэж үү.

. Нөхөн сонгуульд М.Тулгатын гэгддэг АН-аас Э.Бат-Үүлийг нэр дэвшүүлсэн. О.Цогтгэрэлийн АН нэр дэвшүүлэх амбицтай ч СЕХ хүлээн авахгүй нь өмнөх хоёр сонгуулиар батлагдсан тул тэд энэ удаад нэрээ хөөдөхөөс эмээгээд, Э.Бат-Үүлийг дэмжихээ илэрхийлсэн. Илэрхийлсэн нь өнгөндөө боловч, Э.Бат-Үүлийг унаасай гэж хүссэн.

Яагаад гэвэл, арваннэгдүгээр сарын 5-нд АН-ын эв нэгдлийн их хурал болно. Улсын дээд шүүх рүү О.Цогтгэрэлийн нэр явах уу, М.Тулгатын нэр давхих уу гэдэг нь тодорхой болно. Их хурлаар ялсан нь АН-ын албан ёсны дарга болно. Хэрэв нөхөн сонгуульд М.Тулгатын АН ялагдал хүлээвэл гурван сонгууль дараалан ялагдсан зэм М.Тулгад оногдоно. . О.Цогтгэрэл АН-ын дарга болох замаа засах нь бас л улс төрийн технологи юм.

СХД дээр бас нэг сонирхолтой зүйл ажиглагдсан нь ХҮН-аас нэр дэвшсэн Б.Найдалаа аман хүзүүнд орсон явдал юм. Энэ утгаараа Монголын улс төрийн хоёр дахь хүчин нь ХҮН болсон юм биш үү гэдэг мессежийг зарим хүнд өгч байна. ХҮН, АН-ын орыг эзэлтэл зай ч бий. Хэн тооцоо, судалгаа, стратегитай нь шинэ байр суурийг эзэлнэ.

Сонгууль бол тэр чигээрээ технологи учраас.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.