? LIVE: 84-р сургуулийн багш нар сургуулийн захирлынхаа улс төрийн томилгоог эсэргүүцэж байна

Нийслэлийн Ерөнхий боловсролын 84-р сургуулийн багш ажилтнууд улстөрийн томилгоогоор томилогдон ирсэн шинэ захиралтайгаа хамтарч ажиллах боломжгүй хэмээн хэвлэлийн бага хурал зарлалаа.

Нийслэлийн 84-р сургуулийн багш:

Манай сургуулийн багш нар шинээр томилогдон ирсэн захирлыг эсэргүүцээгүй гэдгээ юун түрүүнд хэлье. Харин бид “түр томилгоо” гэгчийг л эсэргүүцээд байгаа юм. Хууль журмынхаа дагуу сургуулийн захирлыг заавал сонгон шалгаруулж байж томилох ёстой. Гэтэл сонгон шалгаруулалт явуулахгүйгээр “Түр орлон гүйцэтгэгч” гэгчийг томилж ирүүлэх гэж буйтай бид эвлэрэхгүй.

Манай сургуулийн өмнөх захирлыг ажлаас нь гэнэт чөлөөлөх шийдвэр гарсан. Уг шийдвэр гарсныг мэдмэгцээ манай сургуулийн 260 гаруй багш ажилтнууд хуралдаж, шинэ захирлыг “Түр орлон гүйцэтгэгч”-ээр бус харин сонгон шалгаруулалтад оролцож шалгарсан хүнээр сургуулиа удирдуулмаар байна.

Нийслэлийн 84-р сургуулийн багш:

Манай сургуулийн захирлаар томилогдон ирж буй хүн ямар хүн болохыг бид огт мэдэхгүй байгаа. Тэр хүн өмнө нь боловсролын салбарт ажиллаж байсан уу үгүй юу, энэ том сургуулийг аваад явах мэдлэг боловсролтой, ажлын туршлагатай хүн мөн үү, үгүй юу гэдгийг бид огт мэдэхгүй байна. Гэтэл манай дүүргийн засаг дарга сонгон шалгаруулалт огт явуулахгүйгээр “Ковидын тухай хууль” гэгчээр шууд томилгоо хийх гэж байгаа гэсэн. Мөн багш нарт шинэ захирлыг томилсон захирамжаа танилцуулах албагүй гэж хэлсэн.

Нийслэлийн 84-р сургуулийн багш:

Манай хамт олны хувьд сургуулийнхаа хуучин захиралдаа албан шаардлага хүргүүлчихсэн байгаа. Та бидэнтэй сүүлийн 15 жилийн турш хамтарч ажилласны хувьд бидний эхлүүлсэн тэмцлийг дуусах хүртэл ажлаа битгий хүлээлгэж өгөөрэй гэсэн шаардлага хүргүүлсэн. Бид дүүргийн Засаг даргын хуулийн зөвлөх Мөнгөншагайд асуудлаа тавьсан чинь “Төр ажлаа хийж байна. Та нар эсэргүүцэж байгаа бол бид цагдаагийн хүчээр хийнэ” хэмээн сүрдүүлж, цагдаагийн алба хаагчдыг утсаар дуудан ирүүлсэн.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.