TREND LIVE: Учраа бөхөө доромжилсон Д.Анарт Үндэсний бөхийн холбоо хариуцлага тооцно
Дорнод аймгийн баяр наадмын хүчит бөхийн барилдааны талбайд ёс зүйгүй үйлдэл гаргаж, учраа бөхөө өвдөг шороодсоных дараа гудчин чирч доромжилсон Улсын харцага Д.Анарт Монголын үндэсний бөхийн холбооноос хариуцлага тооцно гэдгээ мэдэгдлээ.
Уг асуудлыг МҮБХ-ны тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж, Д.Анарт чухам ямар шийтгэл оногдуулахаа тогтох юм байна.
Олон зууны тэртээгээс өвлөгдөн ирсэн үндэсний бөхийн өв соёлоо гутааж, монгол бөхчүүдийн нэр төрийг сэвтээж, бөхөд хайртай ард түмнийхээ өмнө ёс зүйгүй авирласан үйлдэлтэй МҮБХ хатуу тэмцэхээ мөн илэрхийллээ.
Ташрамд дурдахад Дорнод болон Хөвсгөл аймгийн баяр наадамд бөх сонирхогчдын урмыг хугалсан таагүй үйлдэл гаргаж, эрэмбэ дараа зөрчин оноолт хийсэн, илтэд худал барилдаж унасан бөхчүүдийн барилдах эрхийг тодорхой хугацаагаар хасна гэдгээ МҮБХ илэрхийлж, дээрх хоёр наадмын барилдааныг хүчингүйд тооцоод байгаа юм.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.