Н.Түвшинбаяр: МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно
МҮОХ-ын Ерөнхийлөгчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөө мэдэгдээд байсан Н.Түвшинбаяр 2021 оны дөрөвдүгээр сарын 27-ны өдөр МҮОХ дээр гэнэт иржээ.
Тэрбээр ирсэн даруйдаа МҮОХ-ны албан ёсны фэйсбүүк хуудаст “Монголын үндэсний олимпын хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр ажилдаа орлоо” хэмээх постыг оруулж, МҮОХ-ны албан ёсны имэйл хаягнаас Олон Улсын олимпын хороо руу дараах албан бичгийг илгээжээ.
Уг албан бичигт,
ОУОХ-ны Байгууллагын харилцаа ба засаглал хариуцсан албаны дарга Жером Пойвэй танаа
Эрхэм Жером Пойвэй
Миний оролцоотой үүсээд байгаа асуудалд хүлээцтэй хандсан Олон Улсын олимпын хорооны бүх гишүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Эмгэнэлтэй явдлын улмаас миний бие албан ёсны үүрэг хариуцлагаа биелүүлж чадахгүй тасалдуулсандаа гүнээ харамсаж байна. Энэхүү асуудал шүүхээр таслагдах хүртэлх хугацаанд миний бие МҮОХ-ны Ерөнхийлөгчийн үүргээ хэрэгжүүлж, “Токио-2020” зуны олимпод өөрсдийн баг тамирчдаа амжилттай оролцуулах асуудалд анхаарч ажиллахыг хүсэж буйгаа үүгээр илэрхийлж байна.
Та бүхэн намайг МҮОХ-ны Ерөнхийлөгчөөр үргэлжлүүлэн ажиллахыг дэмжвэл миний бие гүнээ талархах болно.
Та бүхнийг нааштай хариуг сонсохыг тэсэн ядан хүлээж байна.
Хүндэтгэсэн,
Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр
гэж гарын үсгээ зурж, тамгалж албажуулж явуулмагцаа, МҮОХ-ны албан ёсны имэйл хаягийн нууц үгийг өөрчилж, “тамгаа цүнхлээд” алга болжээ.
"Албан тушаалаа үргэлжлүүлэн хашмаар байна" гэсэн агуулга бүхий Н.Түвшинбаярын уг захидал дотор "Багын найзаа зодож гэмтээсэндээ харамсаж гэмшсэн, уг үйлдлээсээ ичиж эмээсэн, Монголын болон Олон улсын олимпын хорооны гишүүдээс уучлал гуйсан" ганц үг, өгүүлбэр байсангүй.
Н.Түвшинбаярт ёс зүйн хариуцлага тооцож, нэн даруй огцруул хэмээн удаа дараа шаардаж байсан Олон улсын олипын хорооныхон дээрх албан бичгийг авмагцаа МҮОХ-ны албан ёсны утас руу залган холбогдож, “Н.Түвшинбаяр гэх ёс зүйгүй нөхөр яагаад ажилдаа эргэн оров? Яагаад ийм бичиг бидэнд илгээх болов? Хэрвээ та нар наад ёс зүйгүй нөхөртөө хариуцлага тооцож чадахгүй бол бид өөрсдийн ёс зүйн хороогоор авч хэлэлцэх болно. ОУОХ-ны ёс зүйн хурлаар асуудлыг нэгэнт хэлэлцсэн тохиолдолд танай улсыг “Токио-2020” олимпод цагаан тугийн дор оруулах шийдвэр гаргахыг ч үгүйсгэхгүй шүү” гэсэн тул МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийнхөн яаралтай хурал зарлаж, Н.Түвшинбаярыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх шийдвэрийг гаргажээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.