Төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй цэргүүдийн цалинг тавихгүй удааснаас ар гэрийнхэн нь туйлдаж байна
Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй цэргийн алба хаагчдын томилгооны цалинг тавихгүй хохироож байгаа асуудлыг бид өмнө мэдээлсэн.
Манай мэдээллийн дараа ЗХЖШ болон “Зүүнбаян төмөр зам” ХХК-ийн удирдлагууд шуурхай арга хэмжээ авч 2020 оны найм болон есдүгээр сарын цалинг нь 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдрийн 17.00 цагийн үед олгожээ.
Гэвч үүнээс хойш сар хагасын хугацаа өнгөрчихөөд байхад “Цэргийн албан хаагчдын 2020 оны 10, 11, 12-р сар, 2021 оны нэгдүгээр сарын цалинг олгохгүй хохироож байгаа” талаар цэргийн алба хаагчдын ар гэрээс манай редакц руу мэдээллээ.
Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй цэргийн алба хаагчдад “Өдрийн 69,000. Нэг сарын 2,070,000 төгрөгийн цалинг олгоно” гэх гэрээг байгуулсан бөгөөд дөрвөн сарын цалин нь дунджаар найман сая төгрөг болох ёстой аж.
Цэргийн алба хаагчдын цалинг яагаад олгохгүй удааж байгааг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтараас тодруулахад “Төмөр замын бүтээн байгуулалтын санхүүжилтыг Эрдэнэс-Тавантолгой ТӨХК-аас гаргадаг. Уг компаниас орж ирэх ёстой 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт удааширсантай холбоотойгоор цэргийн алба хаагчдын томилгооны цалинг тавьж чадахгүй байгаа. Хэрвээ тухайн санхүүжилт орж ирвэл хамгийн түрүүнд армийн алба хаагчдын цалинг олгоорой гэдэг үүргийг холбогдох хүмүүст нь өгсөн” гэв.
Сүхбаатарын талбай дээр өнөөдөр 13.35 цагийн үед 1987 онд төрсөн, эрэгтэй өөрийгөө шатааж амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарсан. Уг хэргийн шалтгаан нөхцөлийг Төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон хэдий ч гүйцэтгэлийн төлбөрөө авч чадаагүйн улмаас өр зээлэнд орж хямарснаас үүдэлтэй хэмээн иргэд олон нийтийн сүлжээгээр бичсээр байна.
Уг асуудлыг бид тодруулан хүргэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.