Жо Байден цар тахлын улмаас эндсэн 400,000 иргэнд хүндлэл үзүүлэв
АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгчөөр сонгогдсон Жо Байден, түүний эхнэр Жилл Байден нар лхагва гарагт Вашингтонд болох тангараг өргөх ёслолыг зорьж мягмар гарагт Делавер дахь гэрээ орхин явлаа. Тэрээр 2008-2016 оны хооронд дэд Ерөнхийлөгчөөр ажиллахаасаа өмнө 36 жилийн турш Делаверын сенатчаар ажилласан билээ.
Ийнхүү Байден лхагва гарагийн 12 цагт АНУ-ын Ерөнхийлөгчийн тангараг өргөснөөр шинэ ажлаа албан ёсоор эхлүүлэх юм. Хоёр долоо хоногийн өмнө Капитол Хиллд жагсагчид дайран орсноос үүдэн Байденыг тангараг өргөх үед Трампын дэмжигчид дахин үймээн самуун гаргаж болзошгүй тул үндэсний гвардын цэргүүдийг Вашингтонд тараан байршуулж, аюулгүй байдлыг өндөржүүлэн хамгаалаад байна. Аюулгүй байдал болоод цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалж тангараг өргөх ёслолд оролцох хүмүүсийн тоог хязгаарлаж, хоорондын зай барих дүрмийг хэрэгжүүлэх юм.
Жо Байден тангараг өргөхийнхөө өмнө гэр бүл болоод дэд Ерөнхийлөгчөөр сонгогдсон Камала Харрисын хамт Нэйшнл Молл дахь Линколны дурсгалт газарт Ковид-19 цар тахлын улмаас амь насаа алдсан 400,000 иргэнд хүндэтгэл үзүүлж эмгэнэл илэрхийлжээ. Тэрээр “диваажинд сахиусан тэнгэр гэж байдаг бол тэд бол эмч сувилагчид юм. Гэр бүлийн туршлагаараа та нарын юу хийдгийг би сайн мэднэ. Бусдын төлөө шаналах сэтгэл, зүрх зориг та бүхэнд бий. Маш их баярлалаа” гэжээ.
Нэйшнл Моллд цар тахлын улмаас нас барсан иргэдийн дурсгалыг хүндэтгэж 400,000 гэрэл асаажээ.
Эх сурвалж: CNN
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.