УДШ: Шүүх бүрэлдэхүүн завсарлага авч зөвлөлдөж байна

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар өнөөдөр /2020.01.15/ УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хянан хэлэлцэж байна.

Шүүх бүрэлдэхүүн дөнгөж сая түр завсарлага авсан бөгөөд шүүгчид яг одоо зөвлөлдөж байна. Үүний дараа хурал эргэн орж эцсийн шийдвэрийг танилцуулна. Шүүгдэгчид шүүх хуралд биеэр оролцоогүй, ял эдэлж буй хорих ангиасаа цахимаар оролцож буй. Харин тэдний өмгөөлөгчид хяналтын шатны шүүх хуралд биеэр оролцож байгаа аж.

Хэргийг эргэн сануулахад, өнгөрөгч долоо хоногт шүүх хурал товлогдсон ч шүүгдэгч Д.Түвшинжаргалын өмгөөлөгч Б.Мөнхбат нь эрүүл мэндийн шалтгаанаар шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт ирүүлсэн учир нэгдүгээр сарын 15-ны өдөр хүртэл хойшлуулсан. 

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбаттай хамт Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарыг буруутган шүүж буй. Уг хэрэгт холбогдох анх шатны шүүх хуралдаан өнгөрөгч оны долоодугаар сарын 06-нд болж шүүхээс Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатад зургаан жилийн хорих ял оноож, төрийн албанд ажиллах эрхийг мөн зургаан жилээр хассан билээ.

Б.Отгонбаатарыг бусдадтай бүлэглэн эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийг зохион байгуулагчаар хамтран оролцсон, Д.Ганбатыг бусадтайгаа хамтран эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамжигчаар оролцсон, Д.Түвшинжаргалыг мөн хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцсон юм.

Б.Отгонбаатарыг нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жилийн хугацаагаар хасч, зургаан жил хорих ял оногдуулсан бол Д.Түвшинжаргалыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилийн хугацаагаар хасч, таван жил хорих ялаар, Д.Ганбатыг нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасч, гурван жилийн хорих ял тус тус оногдуулсан.

Нийслэлийн прокурорын газраас Ж.Эрдэнэбат, Б.Отгонбаатар, Д.Ганбат, Д.Түвшинжаргал, С.Мандахбат нарт Эрүүгийн хуулийн 22.1 (Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах)-ийн 22.1-3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн шүүхэд хэргийг шилжүүлсэн юм.

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.