УДШ: Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан эхэллээ
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нарын таван хүнд холбогдох хэргийн шүүх хуралдаан /2021-01-15/ Улсын Дээд шүүхийн танхимд дөнгөж сая эхэллээ.
Түүнийг 2020 оны зургадугаар сарын 10-ны өдөр цагдаагийн байгууллагаас баривчлан хорьж, улмаар Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхээс "Ж.Эрдэнэбатыг Монгол Улсын Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа Засгийн газрын 2017 оны 256 тогтоолоор “Элбэг орд” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг өөрийн хамаарал бүхий компанидаа шилжүүлэн авсан, мөн тогтоолоор “Азаргын гол чонот” ХХК-д нөхөн төлбөрийн зориулалтаар ашигт малтмал хайх найман тусгай зөвшөөрөл олгож, тус компанид давуу байдал бий болгосон" гэх асуудлаар буруутган зургаан жил энгийн хорих ангид ял эдлүүлэх, мөн зургаан жил нийтийн албанд ажиллах эрхийг хязгаарлах шийтгэл оногдуулсан.
Энэ хугацаанд 2020 оны УИХ-ын сонгууль болж тэрбээр Сэлэнгэ аймгийн 13-р тойргоос үнэмлэхүй ялалт байгуулж, УИХ-ын гишүүнээр батламжлагдсан ч түүний тангарагийг өргүүлээгүй байгаа билээ.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат болон өмгөөлөгч нар анхан шатны шүүхээс гаргасан шийдвэрийг үл зөвшөөрч давж заалдах шатны шүүхэд хандсан. 2020 оны есдүгээр сарын 15-ны өдөр хуралдсан Нийслэлийн давж заалдах шатны шүүх хурлаас түүнд оноосон ялыг хэвээр үлдээсэн.
Энэ удаад Улсын дээд шатны шүүх бүрэлдэхүүн Ж.Эрдэнэбат нарт холбогдох хэргийг хэлэлцэж байна. Гарсан шийдвэрийг бид эргэн мэдээлэх болно.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.