СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-01-14

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
3 жилийн өмнө

УИХ-ын Пүрэв гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанааар Монгол Улсын шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2020.04.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлэгийг хийж эхэллээ. 

Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах санал хууль санаачлах эрхтэй субьект буюу Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Засгийн газар тус бүрээс гарч, гурван төрлийн хууль өргөн баригдсан. Эцэст нь Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж парламент үзэж өнөөдөр ийнхүү эцсийн хэлэлцүүлэгт оруулж байна. Хууль 2020 оны дөрөвдүгээр сард өргөн баригдсан, түүнээс хойш хоёр ч чуулган дамжин хэлэлцэгдэж буй юм.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж гишүүд асуулт асууж, тодруулж байна. Мөн зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж байна.

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр шүүхийн тухай хуулийн өөрчлөлтөд шүүх засаглалыг хараат бус болгохтой холбоотой асуудлуудыг тусгасан. Энэ дагуу өнөөдрийн өөрчлөлтийг хийж байна. Өөрөөр хэлбэл, шүүхийг яаж бусдаас хараат бус болгох уу, шүүгчийг яаж хариуцлагатай болгох уу гэсэн асуудлыг энэ хуулиар тодорхой болгоно. 17 шүүгчийг чөлөөлсөн асуудалтай холбогдуулан асуухад томилогдоогүй үлдсэн шүүгчдийн асуудлыг ажлын хэсэг дээр ярилцсан уу. Цаашид энэ хуульд болон холбогдох журмуудад тухайн 17 шүүгчтэй холбоотой асуудлыг тусгах уу. Томилдог субъект нь 2017 онд өөрчлөгдсөн. Тэрний дараа 17 шүүгчийн асуудлыг ШЕЗ ярьж, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх зэрэг ийм оролдлого хийсэн байдаг юм болов уу гэдгийг тодруулмаар байна.

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: 

-2013 онд Шүүхийн багц хууль батлагдсантай холбогдуулж, тухайн үед ажил үүргээ гүйцэтгэж байсан бүх шүүгчийг нэг өдөр Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлж, буцаад томилохдоо 13 шүүгчийг эгүүлэн томилоогүй. Тухайн үед хуульчид "Бусад шүүгчид сануулга, дохио өгөх зорилгоор ийм үйлдэл хийлээ" гэж байсан. Эдгээр 13 шүүгч дахин томилогдох хүсэлтээ ШЕЗ, Ерөнхийлөгчид мөн ҮХЦ, Захиргааны хэргийн шүүхэд удаа дараа хандсан байдаг. Энэ хуулийг дагаж мөрдөж гарах журмын тухай хуульдаа шинээр байгуулагдах ШЕЗ 13 шүүгчийг дахин томилуулахаар Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх ёстой гэсэн заалт оруулахаар миний бие санал гаргаж санал хураасан боловч ажлын хэсэг болон байнгын хороо дэмжээгүй. 13 шүүгчид дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу тийм хүнд байгаа. 

УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Энхбаяр:

-2013 онд 13 шүүгчийг Ерөнхийлөгчийн зарлигаар чөлөөлөхдөө Үндсэн хуульд заасан үндэслэлээр чөлөөлөөгүй. Тэднийг чөлөөлсөн Ерөнхийлөгчийн зарлигт хууль зүйн үндэслэл байгаагүй гэсэн үг. Тэр утггаараа Үндсэн хуулийг Ерөнхийлөгч зөрчлөө гэдэг агуулгаар тухайн үед миний бие иргэнийхээ хувьд Цэцэд хандаж байсан. Цэц маргаан үүсгээгүй буюу Ерөнхийлөгчийг хамгаалж, хаацайлж үлдсэн. Миний хувьд "Ерөнхийлөгч Үндсэн хууль зөрчсөн" гэдэг итгэл үнэмшил маань одоо ч хэвээрээ. Үүнийг залруулах ажиллагаа Үндсэн хуулийн хүрээнд явагдах ёстой. Тэр утгаараа ажлын хэсэг Х.Нямбаатар сайдын гаргасан саналыг хүлээж аваагүй. Яагаад гэвэл УИХ хууль гаргаж шүүгчдийг томилохгүй. Ингэвэл УИХ өөрөө хууль зөрчинө. Шүүгчдийг томилох эрх нь зөвхөн Ерөнхийлөгчид бий. Гэхдээ би гарц шийдлийг Үндсэн хуулиар шийдвэрлэх боломжтой гэж хэлсэн. Үндсэн хуульд Ерөнхийлөгчийн зарлиг хууль зөрчсөн тохиолдолд УИХ хүчингүй болгоно гээд заачихсан. Нэгэнт энэ асуудлыг хууль зөрчсөн гэж УИХ үзэж байгаа бол 2013 онд чөлөөлсөн 13 шүүгчийн Ерөнхийлөгчийн зарлигийг хүчингүй болгож, сэргээх боломж нь УИХ-д байгаа. Хууль зүйн гарц бүрэн бий.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.