Оюу Толгой төслийг зогсоох тухай мэдээлсний дараа Туркойз Хиллийн хувьцаа 20 гаруй хувиар уналаа

Дэлхийн зэс, алтны хамгийн том төслүүдийн нэг Оюу Толгойг Монголын Засгийн газар зогсоох болон хөгжүүлэлт, эдийн засгийн төлөвлөгөөг өөрчилж болзошгүй талаар Канадын Туркойз Хилл компани албан ёсоор дэлхий дахинд мэдээлсэн тухай олон улсын хэвлэлүүд дамжуулж байна.

Рио Тинтогийн хяналтад байдаг Туркойз Хилл компани Монголын эрх баригчид компанийн үйл ажиллагаа, төлөвлөгөөнд сэтгэл ханамжгүй байгаа гэжээ. Төслийн өргөжүүлэлт буюу далд уурхайн бүтээн байгуулалтад одоогоор 6,75 тэрбум буюу долоон тэрбум орчим ам.долларыг зарцуулаад байгаа. Энэ нь 2016 онд төлөвлөж байснаас 1,5 тэрбум ам.доллараар илүү байна.

Монголын Засгийн газар уг төслийн алдагдал нэмэгдэх нь эдийн засгийн үр шимийг бууруулна гэж итгэж байгаа хэмээн Туркойз Хилл мэдээлжээ.  

. Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр Туркойз Хиллийн хувьцааны ханш 21,4 хувиар буурч 11,38 ам.долларт хүрсэн бол Торонтогийн хөрөнгийн бирж дээр 24 хувиар буурч 13,88 канад долларт хүрсэн байна.

Оюу Толгойн далд уурхайн төслийг 2022 оны аравдугаар сард эхлүүлэхээр төлөвлөж байгаа ч урьдчилан тооцоолоогүй их хэмжээний алдагдалтай нүүр тулсан тухай тус компани өнгөрсөн оны 12 дугаар сард мэдээлсэн юм.

Эх сурвалж: Mining.com

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.