Төмөр зам тавьж буй цэргийн алба хаагчдын цалинг дөрвөн сарын турш олгоогүйгээс ар гэрийнхэн нь санхүүгийн хямралд оржээ
Зэвсэгт хүчинд 10 гаруй жилийн турш зүтгэж буй цэргийн алба хаагчийн ар гэрийн хүн манай телевизэд хандлаа. Түүний нөхөр нь өнгөрсөн хавраас эхлэн Зэвсэгт хүчний жанжин штабын харьяа 340-р анги руу шилжиж, төмөр замын их бүтээн байгуулалтад оролцож эхэлжээ.
Тухайн үед ЗХЖШ-аас цэргийн алба хаагчидтай хийсэн хөдөлмөрийн гэрээндээ “Өдрийн 69,000. Нэг сарын 2,070,000 төгрөгийн цалинг олгоно” хэмээн заасан атлаа санхүүжилт орж ирэхгүй байна гэдэг шалтгаанаар өнгөрсөн оны наймдугаар сараас хойш нэг ч төгрөгийн цалинг олгоогүй байна. Үүний улмаас төмөр замын бүтээн байгуулалтад оролцож буй олон зуун цэрэг дайчдын орлого тасалдаж, амьдралаа залгуулах ямарч боломжгүйд хүрээд байгаа юм байна.
Ингээд төмөр замын бүтээн байгуулалтад эр нөхрөө үдсэн эмэгтэйн мэдээллийг хүргэе.
Нэрээ нууцлахыг хүссэн эх сурвалж:
Миний нөхөр зэвсэгт хүчинд алба хаагаад 10 гаруй жил болж байна. Өнгөрсөн хавар ЗХЖШ-аас “Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт тавьж буй төмөр замын бүтээн байгуулалтад оролцож сарын 2,070,000 төгрөгийн цалин хөлс авах хүн байна уу” гэх санал авахад нь бид бүхэн зөвшөөрч нөхөр маань явсан.
Гэвч өнгөрсөн наймдугаар сараас хойш санхүүжилт орж ирэхгүй байна гэдэг шалтгаанаар ганц ч төгрөгийн цалин мөнгийг олгосонгүй. Үүний улмаас төмөр замын бүтээн байгуулалтад оролцож байгаа олон мянган цэрэг дайчдын ар гэрийн амьдрал маш хүнд боллоо.
Миний хувьд өнгөрсөн сард нөхрийн маань цалин орж ирэхээр төлнө гэж хэлээд нэг хүнээс идэшний үхэр зээлээр авсан. Гэтэл цалин нь орж ирсэнгүй. Сүүлдээ надад үхэр зарсан хүн маань надаас өдөр шөнөгүй мөнгөө нэхэж, залилангийн хэргээр цагдаа, шүүхэд өгнө гэж дарамталж байна.
Яг үнэнийг хэлэхэд дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу байна. Нөхөртөө энэ тухай хэлэхээр “Цэргийнхэн бид тушаалаар л явдаг. Дарга нартаа шаардлага тавьж болдоггүй юм аа. Өнгөрсөн сард цалингаа асуусан нэг нөхрийг минь Л.Гансэлэм генерал “П..да минь. Үг дуугүй ажиллаж чадахгүй бол шууд зайл” гэж бидний нүдэн дээр загнаж дарамталсан учраас хэн ч дахин цалингаа асууж зүрхлээгүй” гэдэг тайлбарыг л хэлдэг болсон.
Монголын арми цэргүүдийг төмөр замын бүтээн байгуулалтад өдөр шөнөгүй, өвөл зунгүй дайчилж байгаа атлаа цалинг нь тавихгүй байна. Тэгсэн мөртлөө бараг долоо хоног тутам ажилтай нь танилцаж байна гэх нэрийн дор Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, армийн генералууд очиж арав хориор нь хонь ямааны хорхог хийлгэн идэж байгаад буцдаг гэсэн. Энэ асуудлыг сурвалжилж өгөөч хатуу хөл хорионы улмаас бид бүр ч хүндхэн нөхцөлд орлоо гэв.
Уг гомдол мэдээллийн дагуу ЗХЖШ-ын 340-р анги руу утсаар холбогдон шалтгаан нөхцөлийг асуухад
“Манай анги наймдугаар сараас хойш томилолт өгөөгүй нь үнэн. Дээрээс Жанжин штабаас, Монголын төмөр замаас санхүүжилт нь орж ирээгүй байгаатай холбоотойгоор хойшилчихоод байна. Бид хөөцөлдөөд л байгаа. Огт хаясан зүйл байхгүй” гэх тайлбарыг өглөө.
Тиймээс Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтартай холбогдон шалтгаан нөхцөлийг асуухад
“Санхүүжилт жаахан удсан. Уг санхүүжилт саяхан “Зүүнбаян төмөр зам” компанийн данс орж ирсэн боловч уг мөнгийг захиран зарцуулах хүнийх нь томилгоо хийгдээгүйтэй холбоотойгоор мөнгө түгжигдээд байна. Тэр хүн нь томилогдчихвол Монголын төмөр зам компаниар дамжуулан цэргийн ангиудад цалин мөнгийг нь хуваарилах ажил хийгдэнэ” гэв.
Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг манай телевизийн өнөө оройн мэдээгээр хүлээн авч үзээрэй.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.