ХАЛУУН СЭДЭВ: Ч.Батцэнгэл: Намайг МҮОНРТВ-ийн төлөө юу ч хийгээгүй гэж хэлсэнтэй санал нийлэхгүй
МҮОНРТВ-ийн зарим ажилтан, албан хаагчид тус телевизийн захирлуудын зөвлөлд ажиллаж байсан Ч.Батцэнгэл, Б.Ганболд нарыг Үндэсний зөвлөлийн гишүүнд нэрээ дэвшүүлснийг эсэргүүцэн жагссан.
МҮОНРТВ-ийн инженер Л.Төмөрхуяг “Ч.Батцэнгэл, Б.Ганболд нар өнгөрсөн хугацаанд Үндэсний олон нийтийн радио телевизийн төлөө ямар ч бодитой ажлыг хийгээгүй атлаа тушаал дэвшиж Үндэсний зөвлөлийн гишүүн болж хэрхэвч болохгүй” хэмээн эсэргүүцлээ илэрхийлсэн. Мэдээллийг тэнцвэртэй хүргэх үүднээс МҮОНРТВ-ийн захирал асан Ч.Батцэнгэлтэй утсаар холбогдон тодруулга, тайлбар авлаа.
МҮОНРТВ-ийн захирал асан Ч.Батцэнгэл:
-Би ажлаа хийхгүй байгаа. Ажлаа хүлээлгээд өгчихсөн. Би Үндэсний телевизэд 23 жилдээ ажилласан. 1993 оноос хойш би бүх салбар, нэгжид нь ажиллаж үзсэн.
Хийсэн бүтээснээ яривал даруу бус загнасан болох байлгүй дээ. 2016 онд Full HD рүү шилжих ажлыг багаараа хийсэн. Үе үеийн захирлууд хийх гээд чадаагүй байсан. Маш их зовлон үзэж бүтсэн ажил. Одоо гаралт асуудалгүй болсон. Үүнийг дагаад телевизийн хураамжийн орлогыг дээшлүүлсэн. Манайх 30-аад машинтай. Гэтэл 2008 оноос хойш парк шинэчлэл хийгээгүй байсан. Мөн, ажилчдын цалинг 250 мянган төгрөгөөр үе шаттайгаар нэмсэн.
Үндэсний телевизийн дөрвөн суваг бий. Телевизүүд төрөлжих ёстой. Нийгэмд байгаа тулгамдсан асуудлуудыг төрөлжсөн сувгаар үзүүлэх ёстой. Хамгийн сүүлд Гэр бүлийн суваг байгуулсан. Гэр бүл салалт маш их байна. Залуучууд гэр бүл зохиохдоо учраа олохгүй байна. Иймд энэ суваг улам сайжрах ёстой. Монголыг дэлхийд сурталчилдаг MNB World суваг байна. МОНЦАМЭ агентлагтай хамтран эх орноо сурталчилж байгаа. Дэлхийн цонх болж байгаа. Энэ бүхэн улам шинэчлэгдэн сайжраасай гэж хүсдэг.
Би аль нэг намын гишүүн биш. Намайг янз бүрээр хэлж байгаа хүмүүсийн өмнөөс надад бүр хэлэх үг олдохгүй юм...
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.