С.Эрдэнийн хүүд эрүү шүүлт тулгасан цагдаа нарт хатуу хариуцлага тооцох ёстой

Цагдаагийн алба хаагчид иргэн Э.Одбаярыг (АН-ын дарга асан С.Эрдэнийн төрсөн хүү) хөхөө өвлийн хүйтэнд цээж нүцгэн баривчилж буй хүнлэг бус, ардчилсан нийгэмд байж болшгүй бичлэг олон нийтэд ил боллоо. Энэ бичлэгээс Монголын төр, Монголын цагдаад хүний эрхийн мэдрэмж байхгүй, хүнлэг бус үйлдэл байсаар байгаа нь харагдлаа.

1937 онд Монголын төр тайж язгууртан, лам, хар нийлсэн 22 мянган иргэнээ нийтээр нь хомроголон устгаж, хэлмэгдүүлэлт хийж байсан. Тэр тэр үед хүртэл хүнийг баривчлахдаа ядаж дээлийг нь нөмгөн өмсүүлээд баривчилдаг байсан гэх.

Тэгтэл хүнлэг, энэрэнгүй нийгмийг цоглоох зорилтыг Үндсэн хуульдаа тунхаглаж, ардчилал шинэчлэл замд шилжээд даруй 30 жилийг үзэж буй Монголын төр ийм эрүү шүүлтийн шинж чанартай баривчилгаа хийжээ.

Энэ асуудалд Хүний эрхийн Үндэсний Комисс онцгой анхаарал хандуулж, цагдаа нарт, тэдэнд тушаал өгсөн дарга нарт, хяналт тавьж байх ёстой прокуроруудад нь хатуу хариуцлага тооцох нь зүйн хэрэг.

Хүний эрхийн олон улсын өдрийг угтаж (арванхоёрдугаар сарын 10) Монголын төр хүний эрхийг хэрхэн уландаа гишгэж буйгаа дэлхий нийтэд харууллаа. 

Иргэн Э.Одбаяр хууль зөрчсөн үйлдэл гаргасан байж болно. Түүнийх нь төлөө баривчилж болно. Гагцхүү баривчилгааг хэзээ ч ийм харгис байдлаар хийх ёсгүй билээ /Э.Одбаяртай хийсэн ярилцлагыг үзнэ үү/.

 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.