TREND LIVE: Биеэ үнэлэгч авсан оюутан залууг юунд буруутгав?
БГД-ийн Цагдаагийн хэлтсийн албан хаагчид шөнийн ажиллагаа зохион байгуулж "Mongolian news" мэдээллийн хөтөлбөрийн сэтгүүлчдийн хамтаар нэгэн байранд нэвтрэхэд 25-35 насны гурван эмэгтэй биеэ үнэлж байсныг илрүүлжээ.
Тус байранд 20 настай оюутан залуу байсан ба түүнээс авсан сэтгүүлчийн "байцаалт" бүхий сурвалжилга өчигдөр орой олон нийтэд цацагдсан нь өнөөдөр цахим орчинд хамгийн их шүүмжлэл дагуулсан бичлэгийн нэг боллоо.
Сэтгүүлчийн 20 настай залуугаас "Амьдрах байр хайж байсан юм уу, хүүхэн хайж явсан юм уу?", "Яг яах гэж байгаан?", "Одоо бэлгийн харьцаанд орсон уу?", "Үйлчилгээгээ авсан юм уу?" хэмээн эрээ цээргүй асуусан нь хүмүүсийн шүүмжлэлд ихээр өртлөө. Мөн уг залуугийн дуу хоолойг нь өөрчлөөгүй байсан нь сэтгүүлчийн ёс зүйн кодыг зөрчсөн үйлдэл юм.
Улмаар тэнд байсан эмэгтэйгээс "Ямар учраас энд байсан?", "Хэдэн төгрөгөөр үйлчилгээ үзүүлдэг юм?" гэхчлэн асуусан нь өрөг.мн сайтын ерөнхий редактор У.Болортуяаг "Хүн алсан этгээдэд ч эрх байдаг. Гэтэл түүнийг хэн ч мэдэж, танихад илтээр ярилцлага өгүүлэх шаардлага цагдаад байсан уу? Тэр бас амиа хорловол... энэ нөхцөл байдал нь улам даамжирвал... түүнийг хэн нэгэн янхан гэж цохиж зодож аминд нь халдахыг оролдвол сенсааци тарих гэсэн сэтгүүлч, ажил хийсэн болж харагдаж буй цагдаа хоёр хариуцлага хүлээх үү?" хэмээн бичихэд хүргэлээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.