БИЧЛЭГ: Дэлхийн хамгийн ядуу Монгол улс, Агуу их Орос улсад тусламж үзүүлж байна гэжээ
Коронавирусийн хамгийн том голомтот бүсийн нэг болоод буй ОХУ-ын ард иргэдэд нэг сая ам.долларын мах, махан бүтээгдэхүүний тусламж үзүүлэх болсноо УИХ-ын дарга Г.Занданшатар ОХУ-аас Монголд суугаа Элчин сайд Искандер Азизовыг хүлээн авч уулзах үеэрээ мэдэгдэж, "Бидний энэ бяцхан тусламж ОХУ-ын коронавирустэй хийж байгаа тэмцэлд бага ч гэсэн тус дэм болно гэдэгт найдаж байна” гэж хэлсэн билээ.
Гэвч Монголын ард түмний чин сэтгэлийн бэлэг оросын зарим иргэдийг Ерөнхийлөгч В.Путиныг шүүмжлэх бай болгоод байна.
Тухайлбал, ОХУ-ын сэтгүүлч, блоггер Светлана Герасимов “Монгол Улс хүмүүнлэгийн тусламжаар сая долларын үнэтэй мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д илгээхээр болж. Бид ямар өөр соёл иргэншил болохыг та бодоод үз. Дэлхийн хамгийн ядуу орнуудын нэг болох Монгол Улс, Агуу Их Орос улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлж байна” хэмээн тавласан мэдэгдэл хийж олон нийтэд түгээснийг оросууд уухайлан дэмжиж эхлэв.
Твиттерт "Марина Голчанова" хаягтай өөр нэг хэрэглэгч “Монгол Улс нэг сая долларын өртөг бүхий мах, махан бүтээгдэхүүнийг ОХУ-д хүмүүнлэгийн тусламжаар илгээнэ гэнэ. Мэргэн Путины захирсан Аугаа Орос улс дэлхийн хамгийн ядуу орнуудын нэгээс хүмүүнлэгийн тусламж хүлээн авч байгаа нь үнэхээр гайхалтай. Удалгүй Хойд Солонгосоос сорго, Угандагаас лаазалсан гөрөөсний тусламж авахыг хүлээж байна” хэмээн тавлан жиргэсэн нь тус улсад тренд болж байна.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.