Дөрвөн хүүхдийн аминд хүрсэн “Ханталст” ХХК-ийн ард хэн байдаг вэ
Үндэсний цэцэрлэг хүрээлэнгийн 3.36 га талбайд “Наран шарлагын газар” барьж байсан “Ханталст” ХХК-ийн барилгын талбайн тогтоол усанд өчигдөр 16 цагийн үед Г 11 настай эрэгтэй, Б 15 настай эрэгтэй, О 12 настай эрэгтэй, Б 15 настай эрэгтэй нар живж нас барсан харамсалтай хэрэг гарлаа.
Хүүхдүүдийн осолдсон гэх тогтоол ус
Барилгын норм, аюулгүй байдлын стандартыг ноцтойгоор зөрчиж, барилга барих, эхлүүлэх тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулсны улмаас дөрвөн хүүхдийн амь насыг хохироогоод буй “Ханталст” ХХК-ийн ард хэн байгааг сурвалжиллаа.
“Ханталст” ХХК-ийг Гавьяат барилгачин Ш.Бат-Энхийн гэр бүл эзэмшдэг
Монгол Улсын хуулийн этгээдийн бүртгэл мэдээллийн санд “Ханталст” ХХК-ийг цорын ганц эзэмшигчээр Монгол Улсын Гавьяат барилгачин Шагдарсүрэнгийн Бат-Энх гэдэг хүн бүртгэлтэй байгааг та бүхэн харж байна.
Шагдарсүрэнгийн Бат-Энхийг Баянзүрх захын эзэн гэдгээр нь хүмүүс илүү сайн мэдэх байх. Ш.Бат-Энхийн эхнэр нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга асан Ишбадамын Нарантуяа гэх хүн байдаг.
И.Нарантуяа 2012-2015 оны хооронд тус газрын даргаар ажиллах хугацаандаа АТГ-т гаргасан хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Ханталст” ХХК-ийг 100 хувь эзэмшдэг хэмээн мэдүүлж, нийтдээ 19 тэрбум 435 сая 650 мянган төгрөгөөр үнэлэгдэх үйлчилгээний зориулалттай найман үл хөдлөх хөрөнгө, дөрвөн ширхэг өвөлжөө хаваржаа хүлэмжийн зориулалттай обект, нэг орон сууцтай хэмээн мэдүүлсэн байгаа биз.
“Ханталст” ХХК Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газрыг хэзээнээс эзэмшиж эхлэв
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл "Ханталст" ХХК-д 3,36 га газрыг наран шарлагын цогцолборын зориулалтаар ашиглуулах зөвшөөрлийг 2014 оны 6 сарын 23-ны өдрийн 01/2129 дугаартай албан бичгээр олгож байжээ.
“Ханталст” ХХК нь тус газар дээрээ 2019 оны тавдугаар сарын байдлаар л гэхэд нийтдээ гурван тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж, автомашины зогсоол, үйлчилгээний зориулалттай обектыг барьсан байдаг аж. Гэхдээ эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр шүү.
“Ханталст” ХХК-ийн эзэн И.Нарантуяа “Гэр бүлд ээлтэй шийдэл” ТББ-ыг эзэмшдэг
Монгол Улсын хууль тогтоомжийг ноцтойгоор зөрчиж, дөрвөн хүүхдийн амь насыг хохироосон гэх хэрэгт холбогдоод байгаа “Ханталст” ХХК-ийн босс И.Нарантуяа нь 2009 оны гуравдугаар сарын 19-ний өдөр өөрийн нөхөр Ш.Бат-Энх, охин Б.Энхжаргал нартайгаа хамтран “Гэр бүлд ээлтэй шийдэл” ТББ-ыг байгуулж байжээ.
Гэвч И.Нарантуяа дарга хүүхдэд ээлтэй хүн байгаагүй нь дараах баримтуудаас харагддаг. Тэрбээр 2012 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхдийн төлөө үндэсний газрын даргаар томилогдон очоод хүүхдийн төлөө дорвитой үр бүтээлтэй ажил огт хийгээгүй. Тэгсэн мөртлөө тус байгууллагын мэргэшсэн 15 ажилтныг хууль бусаар халсан, албан өрөөнийхөө арын өрөөнд төсвийн хөрөнгөөр тансаг зэрэглэлийн душ бариулсан, албан өрөөндөө асар өндөр үнэтэй тансаг буйданг төсвийн хөрөнгөөр худалдан авч тавиулсан, 8,000,000 төгрөгийн үнэтэй төгөлдөр хуурыг төсвийн мөнгөөр худалдан авсан атлаа хүүхдүүдээр тоглуулах бус харин албан өрөөндөө гоёл чимэглэл болон байршуулсан гэх асуудалд холбогдон ажлаасаа чөлөөлөгдөж байжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.