Машин угаалгын газрууд цэвэр ус ашигласаар л байна

Машин угаалгын газрууд цэвэр ус ашигласаар л байна

Монгол Улсад 338 авто угаалгын газар бүртгэлтэй байдгийн 250 нь Улаанбаатар хотод, бусад нь орон нутагт үйл ажиллагаа явуулж байна. 

Эдгээр угаалгын газрууд бараг бүгд шахам ундны цэвэр усаар машин угааж байна. Нэг машин угаахад дунджаар 90 литр ус зарцуулдаг гэсэн албаны мэдээ бий. Алтаар үнэлэгддэг болсон усыг ийнхүү гарын салаагаар урсгаж байгааг зогсоодоггүй юм аа гэхэд хэзээ бууруулах вэ?

 

Тухайн үед Байгаль орчны сайд байсан Б.Бат-Эрдэнэ “Авто угаалгын газруудыг цэвэр ус хэрэглэхийг хориглоно” гэж мэдэгдэж байсан. Сонин, содон мэдэгдэл.  

Цэвэр усаар угаахгүй гэвэл өөр ямар боломжууд байдаг юм бэ? Саарал усаар угаана гэсэн үг үү гэхчлэн яриа хэлэлцүүлэг болж байсныг та бүхэн санаж байгаа байх.

Сайд Б.Бат-Эрдэний хувьд “Машин угаалгын газрууд саарал ус ашиглаж болно. Уураар угааж болно. Усаа дахин ашиглаад угааж болно” гэхчлэн гарц гаргалгаа нь гарган хэлж байсан. Үүний үрээр 30 гаруй угаалгын газар саарал ус ашиглаж байгаа мэдээ байна. Одоо энэ мэдээ хэд болсныг мэдэх аргагүй.

 

Лүндэн буулгах нэг хэрэг, амьдрал дээр хэрэгжүүлэх шаал өөр хэрэг.

“Цэвэр ус ашиглаж болохгүй” гэвэл төр аргыг нь зааж өгөх ёстой болно. Яагаад авто угаалгын газрууд 100 хувь саарал ус руу шилжээгүй вэ гэхээр тоног төхөөрөмж нь үнэтэй байдаг юм байна. 15 сая төгрөгөөр тоног төхөөрөмж худалдаж авч бэл бэнчин бүгдэд нь байхгүй байна. Тэгэхээр усыг зүй зохистойгоор ашигладаг болно гэвэл энэ бүхэн дээр шинэ бодлого боловсруулах шаардлагатай болж таарлаа.

Крантаа нээгээд цэвэр усаар машин угааж байгаа шиг, нэг л өдөр крантаа нээхэд саарал ус гоождог тэрхүү боломжийг тэдэнд олгох хэрэгтэй байна. Уураар угаах, эсвэл усаа дахин дахин ашиглах тэрхүү аргачлалыг нэвтрүүлэх хэрэгтэй байна.

 

MCS компанийн хувьд “Кока кола”-гаас гарсан саарал усыг хотод нийлүүлээд он удаж байна. “Оюутолгой” компани нэг тонн хүдэр боловсруулахад дэлхийн дунджаас 3 дахин бага ус зарцуулж, усныхаа 86 хувь орчмыг дахин ашигладаг гэдгээ зарласан.

Иймэрхүү шинэ цагийн туршлагуудыг даруй нэвтрүүлмээр байна. Алийн болгон “усаа зохистой хэрэглэе, усны үнэ бага байна” гэх вэ...

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.