ОХУ-ын 27 бүс нутагт шатахууны жижиглэнгийн үнэ буурчээ
Оросын холбооны улсын статистикийн албаны (Росстат) тайлангаас үзвэл, тус улсын 27 бүс нутагт автобензиний жижиглэн худалдааны үнэ буурсан үзүүлэлт гарчээ. Хэдийгээр олон мужид шатахууны ханш хямдарсан ч улсын дундаж үнэ 0.3 хувиар буюу 23 копейкоор өсөж, нэг литр нь 78.73 рубльд хүрсэн байна.
Бүс нутгуудаас үнийн бууралтаар Бүгд Найрамдах Марий Эл Улс тэргүүлсэн бөгөөд бензиний үнэ хамгийн өндөр буюу 2.49 хувиар хямдарсан байна. Мөн Чувашийн Бүгд Найрамдах Улсад үнэ хоёр гаруй хувиар унасан бол Умард Осети — Алани, Мордова болон Ростов мужид нэгээс дээш хувиар доошилжээ. Түүнчлэн Краснодарын хязгаар, Кабардино-Балкар, Ингушет, Челябинск, Ленинград, Новосибирск зэрэг 22 бүс нутагт шатахууны ханш 0.1-ээс 1 хүртэлх хувиар тогтворжин буурсан үзүүлэлт бүртгэгдсэн байна.
Шатахууны төрлөөр авч үзвэл, өргөн хэрэглээний АИ-92 маркийн автобензиний дундаж үнэ улсын хэмжээнд 21 копейкоор хямдарч, литр нь 74.72 рубль болжээ. Дизель түлшний дундаж үнэ таван копейкоор ялимгүй суларч, нэг литр нь 86.72 рубльд хүрсэн байна. Харин АИ-95 болон өндөр октантай АИ-98 маркийн шатахууны ханш үргэлжлэн өссөн бөгөөд өндөр октантай бүтээгдэхүүний дундаж үнэ 104.32 рубльд хүрснээр оны эхнээс хойших нийт үнийн өсөлт 21.5 хувийг давлаа.
Зарим бүс нутагт үнэ харин ч огцом өссөн зөрүүтэй дүн ажиглагдсан юм. Тухайлбал, Бүгд Найрамдах Саха (Якут) Улсад шатахууны үнэ 4.7 хувиар, Иваново мужид 4.0 хувиар мэдэгдэхүйц нэмэгджээ. Томоохон хотуудын хувьд нийслэл Москва хотод бензиний үнэ 0.7 хувиар өссөн бол Санкт-Петербург хотод 0.1 хувийн бага зэргийн өсөлттэй гарсан байна.
ОХУ-ын Шадар сайд Александр Новак шатахуун түгээх станцууд дээр хэрэглэгчдийн хэт их эрэлт, цочирдол намжсан болохыг мэдэгдээд байна. Тус улсын Эрчим хүчний яам болон Засгийн газраас шатахууны нөөц, нийлүүлэлтийг байнгын хяналтад байлгаж байгаа бөгөөд зах зээлийн тогтвортой байдлыг хангах зорилгоор 15 бүс нутагт шатахууны жижиглэнгийн нэмэгдлийг хязгаарлах тохиролцоог бие даасан түгээх сүлжээнүүдтэй байгуулаад байгаа аж.
Эх сурвалж:
• news.ru
• life.ru
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.