🔴Э.Батшугар: ОХУ-д гарсан халдварт өвчин нь манай улсад бага эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан

AI хөрвүүлсэн
🔴Э.Батшугар: ОХУ-д гарсан халдварт өвчин нь манай улсад бага эрсдэлтэй гэсэн дүгнэлт гарсан

ОХУ-д бүртгэгдсэн халдварт өвчин, эрсдэлийн үнэлгээ болон эмийн нөөц, эрүүл мэндийн салбарын цаг үеийн асуудлаар Эрүүл мэндийн сайд Э.Батшугар мэдээлэл өглөө.

Эрүүл мэндийн сайд Э.Батшугар: 

-ОХУ-д 200 орчим хавьтал болсон иргэнийг тусгаарлан ажиглаж байгаа тухай мэдээлэл ирсэн. Манай улсын хувьд мэргэжлийн байгууллагууд холбогдох эрсдэлийн үнэлгээг хийгээд бага эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг өчигдөр гаргалаа. Хил дээр ирж буй иргэдээс эрүүл мэндийн мэдүүлгийн хуудас бөглүүлж, термокамераар халууныг нь хэмжин хяналт тавьж байна. Мэргэжлийн байгууллагууд олон талт нарийвчилсан үзүүлэлт, параметрийн хүрээнд дүгнэлт хийж эрсдэл бага гэж тодорхойлсон ч бид тусгаарлах байруудаа урьдчилан бэлтгэсэн. Хэрэв ямар нэг байдлаар халуурсан, сэжигтэй иргэн орж ирвэл шууд тусгаарлана.

Албан ёсоор тарваган тахал гэсэн онош тавигдаагүй. Цахим сүлжээгээр янз бүрийн мэдээлэл гарч байгаа ч ОХУ-аас манай талд албан бичиг ирүүлсэн. Тухайн бичигт өвчтөнд хурц халдварын шинж тэмдэг илэрсэн гэсэн бөгөөд тахлын үүсгэгчийг тодорхойлох эсийн дээж, шинжилгээ авахад тарваган тахал илрээгүй буюу үгүйсгэгдсэн тухай мэдэгдсэн. ОХУ одоогоор уг өвчнийг нарийвчлан судалж, хавьтлын 200 иргэнийг тусгаарлан ажиглаж байна. Энэ сарын 26-наас хойш тус чиглэлийн нислэгээр олон иргэн ирсэн. Одоогоор тэднээс тусгайлан шинжилгээ аваагүй байна. Гэхдээ ХӨСҮТ нөхцөл байдалд маш анхааралтай хяналт, ажиглалт тавьж ажиллаж байна. Өвчний үүсгэгч, нууц үе нь бүрэн тодорхой болоогүй тул эрсдэлийг анхааралдаа авсан.

Фентанил нь морфиноос 100 дахин хүчтэй, мансууруулах төрлийн үйлчилгээтэй өвчин намдаах тариа. Хагалгааны үед мэдээ алдуулалтад хольж хэрэглэдэг. Энэ эмийг "Айвико" компани ерөнхий гэрээгээр нийлүүлж, түүхий эдээ гаднаас татан Монголдоо үйлдвэрлэдэг. Гэтэл түүхий эдийн тээвэрлэлт, ачилтан дээр саатал гарснаас шалтгаалан түр хугацааны хомстол үүссэн. Бид нөхцөл байдлыг шуурхай шийдвэрлэх үүднээс ОХУ-аас 20 мянган тун фентанил тариа татан авчирсан. Мөн "Айвико" компани түүхий эдийнхээ 2-3 жилийн нөөцийг бүрэн татан авч үйлдвэрлэлээ хэвийн явуулж эхэлсэн.

Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Эрүүл мэндийн яаманд бус Хууль зүй, дотоод хэргийн яаманд харьяалагддаг. Олон нийтийн сүлжээгээр гарсан мэдээллийн хүрээнд тодруулахад, сувилагч ажлын байран дээрээ өдрийн 16:00 цагийн орчимд ухаан алдсан байдалтай олдсон гэсэн. Өөртөө наркозын төрлийн тариа хийсэн байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн гэх мэдээлэл бий. Одоогоор тухайн сувилагчийн амь нас эрсдээгүй, биеийн байдал нь хэвийн байгаа. 

Улирлын чанартай томуу, томуу төст өвчний тархалттай холбогдуулан 0-6 насны хүүхэд нь өвдсөн тохиолдолд эцэг, эхэд нь тав хоногийн цалинтай чөлөө олгох эсвэл зайнаас ажиллуулах зохицуулалтыг 11 дүгээр сарын 1-нээс ирэх оны гуравдугаар сарын 1 хүртэл хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэж, холбогдох түвшинд ярьж байгаа гэв. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.