🔴Б.Мөнхтамир: Геополитикийн боломжоо бүрэн дайчилж, иргэдийн шатахууны хангамжийг хэвийн болгоно

AI хөрвүүлсэн
🔴Б.Мөнхтамир: Геополитикийн боломжоо бүрэн дайчилж, иргэдийн шатахууны хангамжийг хэвийн болгоно

Засгийн газрын шийдвэрээр Аж үйлдвэр, эрдэс баялгийн дэд сайдаар шилжин томилогдож буй Б.Мөнхтамир шатахууны хангамж, үнийн асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнийхээ талаар мэдээллээ. 

АҮЭБ-ийн дэд сайд Б.Мөнхтамир: 

-Өнөөдрийн байдлаар зөвхөн АИ-92 бензин гэлтгүй дизель түлш, онгоцны түлш зэрэг олон төрлийн шатахууны нийлүүлэлтэд үүсээд байгаа асуудал нь дан ганц Монгол Улсынх биш, дэлхий нийтэд тулгамдаад байгаа сорилт. Юун түрүүнд ажлын эрэмбэ, нэн чухал зорилтоо тодорхойлох шаардлагатай. 

Эхний ээлжид нийлүүлэлтийн хангамжийг хэвийн түвшинд хүргэх үү, эсвэл үнийг тодорхой хэмжээнд тогтвортой барих уу гэдэг нь чухал. Энэ талаар маш сайн ярилцаж, дотоодын аж ахуйн нэгжүүд болон иргэдийн шатахууны хангамжийг хэвийн болгох нь тэргүүн ээлжийн зорилт. Мөн үнийг ямар хэлбэрээр тогтворжуулах, санхүүгийн ямар механизм ашиглаж болох вэ гэдэг асуудлыг нэн даруй судална. 

Ердийн үед манай улсын АИ-92 автобензиний сарын хэрэглээ дунджаар 70 орчим мянган тонн байдаг бол өнөөдрийн байдлаар дунджаар 100 мянган тоннд хүрч өссөн байна. Иймээс эдгээр хэрэгцээг ОХУ, БНХАУ болон бусад гуравдагч зах зээлээс хэрхэн нэмэгдүүлэн импортлох боломжийг бүх талаар эрэлхийлж, бүхий л чадлаараа ажиллана.

Ерөнхий сайд Н.Учрал одоогийн шатахууны хомстолтой, хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд хэвийн голдиролд оруулахад онцгойлон анхаарч ажиллахыг даалгасан. 

Орос-Украины мөргөлдөөний улмаас Москва дахь томоохон боловсруулах үйлдвэр цохилтод өртсөн, Ангарскийн нефть боловсруулах үйлдвэрт гал гарсан, түүнчлэн Ойрхи Дорнод болон Ормузын хоолой орчмын зөрчил хямралтай холбоотойгоор олон улсад нийлүүлэлтийн сүлжээ доголдож, түлшний хомстол үүссэнийг ард иргэддээ бодитойгоор ойлгуулах хэрэгтэй. Гэсэн хэдий ч Монгол Улс нь дэлхийн хамгийн том нийлүүлэгч хоёр их гүрний дунд оршдог давуу талтай. Геополитикийн боломжоо бүрэн дайчлан ажиллах шаардлагатай. 

Би өмнө нь МИАТ компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа ОХУ-ын "Роснефть" компанитай шууд гэрээ байгуулж, дотоодын аж ахуйн нэгжүүдээр дамжуулахгүйгээр онгоцны түлшийг шууд нийлүүлж байсан туршлага, хуучны түншлэлийн харилцаа байгаа. Эдгээр харилцаа холбоогоо дайчлан, бодит мэдээлэл дээр тулгуурлаж ажиллана. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.