Малчин өрхийн амьжиргааг сайжруулах чиглэлээр ХАА-г хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөлтэй санал солилцлоо

Малчин өрхийн амьжиргааг сайжруулах чиглэлээр ХАА-г хөгжүүлэх олон улсын сангийн төлөөлөлтэй санал солилцлоо
Сангийн сайд З.Мэндсайхан өнөөдөр /2026.10.07/ НҮБ-ын Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал ноён Ний Куайе-Кумаг хүлээн авч уулзлаа.
1e4cbaab3a1b4de8a83abddc8cb7bad6
Уулзалтаар талууд малчин өрхийн амьжиргааг сайжруулах чиглэлээр санал солилцсон бөгөөд Сангийн сайд Монгол Улсын эдийн засаг уул уурхайн салбараас хамааралтай ч нөгөө талдаа бид хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх бодлого барьж буйгаа онцолсон.
 
Тухайлбал, "Хүнсний хувьсгал", "Цагаан алт" зэрэг үндэсний хөтөлбөрийг Улсын Их Хурлаас баталж, амжилттай хэрэгжиж, үр өгөөжөө өгч буй талаар танилцууллаа. Мөн Хүнсний хувьсгал хөтөлбөрийг хүнсний дотоодын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үндэсний бодлого болгон хэрэгжүүлсэн нь бодит үр дүнгээ өгсөн гэв. Түүнчлэн “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд ноос, ноолуур, арьс шир зэрэг малын гаралтай түүхий эдийг дотооддоо боловсруулах, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлийн хүчин чадлыг сайжруулах чиглэлээр ажиллаж байна гэлээ.
 
Хөдөө аж ахуйг хөгжүүлэх олон улсын сангийн Монгол Улсыг хариуцсан захирал Ний Куайе-Кума НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг Монгол Улс амжилттай зохион байгуулсан төдийгүй, чухал ач холбогдолтой болсныг онцлов.
 
Тус байгууллага 30-аад жил олон төсөл, хөтөлбөрүүдийг манай улсад амжилттай хэрэгжүүлсэн талаараа танилцуулж, цаашид хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

АРД 9 минут
Малчин өрхийн аж амьдрал сайжрах нь тэгвэл хойд хүүхэд болох хотын хүн ам яах вэ?