Б.Пүрэвдагва: "Сэлбэ ухаалаг хот" төслийн борлуулах үнийг 5.5 саяас хямдруулна

AI хөрвүүлсэн
Б.Пүрэвдагва: "Сэлбэ ухаалаг хот" төслийн борлуулах үнийг 5.5 саяас хямдруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва "Сэлбэ ухаалаг хот" төслийн санхүүжилт, орон сууцны үнэ өртөг, газар чөлөөлөлт болон нийтийн тээврийн бүтээн байгуулалтуудын талаар мэдээлэл өглөө.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва: 

-"Сэлбэ ухаалаг хот" төслийн санхүүгийн модель дээр ажлын хэсэг ажиллаж байна. УИХ-ын чуулган дээр танилцуулснаар одоогийн байдлаар орон сууцны зах зээлийн дундаж үнэ нэг метр квадрат нь 3.7-3.9 сая төгрөг байгаа ч тус төслийн хувьд өнөөгийн нөхцөлөөр 5.5 сая төгрөгөөр борлуулж байж зардлаа нөхөх тооцоолол гарсан. Төслийн нэгж метр квадратын талбайг нэмэгдүүлж, борлуулах үнийг хямдруулах чиглэлээр 3-4 хувилбар боловсруулан ажиллаж байна. 

Мөн уг төслийг хотын ерөнхий концепцийн дагуу ногоон байгууламж, авто зогсоол, сургууль, цэцэрлэг зэрэг нийгмийн дэд бүтцийг цогцоор нь шийдэж, худалдаа үйлчилгээ, төрийн үйлчилгээний төвүүдийг төлөвлөсөн байна. Түүнчлэн Эдийн засаг, технологийн тусгай бүс байгуулсантай холбогдуулан бизнес эрхлэгчдэд татварын болон хөнгөлөлттэй зээлийн орчин бүрдүүлж, төслийг эдийн засгийн үр ашигтай болгохоор зорьж байна. Төслийн хүрээнд хийгдсэн газар чөлөөлөлтөд нийт 470 орчим тэрбум төгрөг зарцуулагдсан бөгөөд үүнтэй холбоотой зардлын нарийвчилсан тайлан, үнэ өртгийг хэрхэн бууруулах арга аргачлалыг удахгүй баримттайгаар олон нийтэд нээлттэй мэдээлнэ.

Энэ нь улс төржилт биш. Хотын эдийн засаг болон улсын санхүүгийн нэр хүндтэй шууд холбоотой. "Дойче банк" дээр гаргасан 500 сая ам.долларын бондын эргэн төлөлт, олон улсын зах зээлд үнэт цаас гаргах дараа дараагийн нөхцөл, нэр хүндэд энэхүү бүтээн байгуулалтын амжилт чухал нөлөөтэй. 

Дүүжин тээврийн төслийн туршилт эхэлсэн. Одоогоор зорчигч суулгахгүйгээр элс болон усаар даацын техникийн туршилтуудыг хийж байгаа. Улсын комисс хүлээн авахаас өмнө 2-3 түвшний шалгалт хийгдэнэ. Төлөвлөгөөний дагуу 12 дугаар сарын 15-наас эхлэн нийслэлийн иргэдэд үйлчилж эхлэхээр бэлтгэж байна. Тус чиглэлд нийт 98 кабин бэлэн байгаа бөгөөд үйлчилгээний үнийг 1,500-2,000 орчим төгрөг байхаар урьдчилсан эдийн засгийн тооцоолол хийж байна. 

Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.