"Хүүхдийн гутал" компанит ажлыг Хөвсгөл аймагт зохион байгуулж байна
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөвсгөл аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон үндэсний үйлдвэрлэгчид хамтран хүүхэд өсвөр үеийнхний өдөр тутмын хэрэглээнд тохирсон, эрүүл ахуй, хөдөлгөөний онцлогт нийцсэн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан гутлын хэрэглээг нэмэгдүүлэх, гутлыг зөв сонгох талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх зорилгоор “Хүүхдийн гутал” компанит ажлыг Хөвсгөл аймагт энэ сарын 16-18-ны өдрүүдэд зохион байгуулж байна.
Компанит ажлын хүрээнд Хөвсгөл аймгийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын газар, ерөнхий боловсролын болон сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо болон үндэсний үйлдвэрлэгчдийн төлөөлөл “Брэнд гутал” ХХК, “Хос-Арт” ХХК-ны төлөөлөл оролцсон “Хүүхдийн гутал – Үндэсний үйлдвэрлэл” уулзалтыг зохион байгууллаа.
Уулзалтаар хүүхдийн гутлын хэрэгцээ, орон нутгийн эрэлт, үнийн хүртээмж, загвар, хэмжээ, захиалга, борлуулалт болон цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцож, хүүхдийн гутлын үйлдвэрлэл, нийлүүлэлтийг орон нутгийн хэрэгцээ, онцлогт нийцүүлэх боломжийн талаар хэлэлцэв.
Мөн хүүхдийн хөлний өсөлт, хөгжилд гутлын үзүүлэх нөлөө, сурагчийн гутал сонгохдоо анхаарах зүйлс, гутлын материал, улны бүтэц, эрүүл ахуй, чанар, стандарт, аюулгүй байдлын шаардлагын талаар мэргэжилтэн, үйлдвэрлэгчдийн зүгээс мэдээлэл, зөвлөгөө өглөө.
“Мэдье – Хэмжье – Сонгоё – Үйлдвэрлэгчээ дэмжье – Зөв хэрэглэе”. “Хүүхдийн гутал” компанит ажил нь зөвхөн бүтээгдэхүүнийг сурталчлахад чиглэхгүй бөгөөд хүүхдийн хөлний эрүүл мэнд, гутлын зөв сонголт, зохистой хэрэглээний талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хэрэглээний соёлыг төлөвшүүлэхэд чиглэж байна.
Хүүхдийн гутлын хэмжээ, улны бүтэц, материал, жин, уян хатан чанар, агаар нэвтрүүлэх байдал зэрэг нь хөл, тулгуур эрхтэн болон хөдөлгөөний хэвийн хөгжилд чухал ач холбогдолтой. Тиймээс компанит ажлын хүрээнд эцэг эх, асран хамгаалагч, сурагчдад хүүхдийн гутлыг зөв сонгох, хэрэглэх, арчлах талаар мэргэжлийн мэдээлэл, практик зөвлөгөө хүргэж байна. Мөн “Нутгийн аваргууд” сургуулийн гуравдугаар ангийн сурагчдад “Брэнд гутал” ХХК, “Хос-Аз” ХХК, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хоёр настай хүүхдүүдэд “Хос гоёо” ХХК тус тус сурагчийн болон анги дотор өмсөх гутал бэлэглэлээ.
Компанит ажлын хүрээнд “Хос-Аз” ХХК, “Хос Арт” ХХК, “Тайгын хийц” ХХК, “Лугати” ХХК, “Дархан минж” ХХК, “Дархан нэхий” ХК, “Хатан Ивээл Хайрхан” ХХК зэрэг үндэсний үйлдвэрлэгчдийн өдөр тутмын, өвлийн, хөдөлмөр хамгааллын болон хүүхдийн гутлын үзэсгэлэн худалдааг зохион байгуулж, бүтээгдэхүүнийг орон нутгийн хэрэглэгчдэд танилцуулан борлууллаа.
Үзэсгэлэн худалдаагаар дамжуулан орон нутгийн иргэд шууд үйлдвэрлэгчээс гутал сонгон худалдан авах, бүтээгдэхүүний хэмжээ, загвар, үнэ, чанар болон хэрэглээний талаарх мэдээллийг авах боломж бүрдсэн юм. Мөн үндэсний үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнийг орон нутагт сурталчлан таниулах, борлуулалтын шинэ боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлжээ. “Зөв гутал – Эрүүл хүүхэд – Зөв хөгжил” уриан дор зохион байгуулж буй “Хүүхдийн гутал” компанит ажил нь цаашид хүүхдийн гутлын зөв хэрэглээг төлөвшүүлэх, чанар, аюулгүй байдлын талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүний хэрэглээг дэмжих чиглэлээр үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.