В.Зеленский Зүүн Азийн бүс нутагт учирч буй аюулгүй байдлын эрсдэлийг анхааруулав
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Японы олон нийтийн "NHK" телевизэд өгсөн ярилцлагадаа Украин дахь дайн Зүүн Ази болон Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэл нэмэгдэж байгааг анхаарууллаа.
Тэрбээр Хойд Солонгос улс Оросын талд 30,000-50,000 хүртэлх цэргээ байршуулаад байгаа бөгөөд эдгээр цэргүүд орчин үеийн байлдааны тактик, тэр дундаа нисгэгчгүй нисэх төхөөрөмжийн ажиллагаанд бодит туршлага хуримтлуулж буйг онцолсон юм.
Пхеньяны дэглэм тулааны талбарт бага зардалтайгаар, их хохирол амсахгүйгээр орчин үеийн цэрэг дайны ур чадварыг эзэмшиж байгаа нь Зүүн Азийн бүсэд шууд аюул занал учруулж болзошгүйг Украины төрийн тэргүүн анхааруулав. Цаашид энэхүү туршлага нь бүс нутгийн сөргөлдөөнд ашиглагдах эрсдэлтэй бөгөөд Украины эсрэг Хойд Солонгост үйлдвэрлэсэн пуужингуудыг бодитоор харваж туршиж байгааг Зеленский батлан мэдэгдсэн байна.
Мөн тэрбээр БНХАУ-ын байр суурийг төвийг сахисан гэж үзэхгүй байгаагаа илэрхийлж, улс төрийн хувьд Бээжин Оросын талд арай илүү хандаж байна хэмээн үзэж буйгаа хуваалцлаа. Барууны хориг арга хэмжээ, банкны хязгаарлалт, эрчим хүчний дарамтын улмаас Москва Бээжингээс ихээхэн хамааралтай байгаа энэ үед Хятад улс өөрийн нөлөөг ашиглан ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путиныг дайныг зогсоох хэлэлцээрт шахахгүй байгаад харамсаж байгаагаа тэмдэглэсэн юм. Хэдийгээр Хятадад үйлдвэрлэсэн пуужин бүртгэгдээгүй ч тоног төхөөрөмж, эд анги, технологиуд болон техникийн мэргэжилтнүүд ОХУ руу нийлүүлэгдсээр байгааг дурдлаа.
Бүс нутагт шинээр бий болж буй аюулгүй байдлын эрсдэлийг сөрөн тэнцвэржүүлэхийн тулд Зеленский Япон улстай батлан хамгаалах, технологийн түншлэлээ өргөжүүлэх санал тавив. Хамтын ажиллагааны хүрээнд дрон технологи, далайн хяналт тандалт, агаарын довтолгооноос хамгаалах систем, минагүйжүүлэлт болон кибер аюулгүй байдлыг бэхжүүлэх боломжтойг дурдсан байна. Түүнчлэн Украины батлан хамгаалах салбарын 70 гаруй хувь нь хувийн хэвшилд төвлөрдөг нь Японы аж үйлдвэрийн салбарт арилжааны болон технологийн өргөн боломж бүрдүүлж байгааг сануулж, батлан хамгаалах хэрэгслийн хувьд эцсийн шийдвэрийг Токио өөрөө гаргах бүрэн эрхтэйг онцолжээ.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.