🔴А.Амартүвшин: Ирэх жил 20 мянган өрх, 30 орчим сургууль, цэцэрлэгийг хийн халаалтад шилжүүлнэ
Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын (НИТХ) төлөөлөгч А.Амартүвшин Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр ирэх оны хөгжлийн төлөвлөгөөнд тусгагдсан томоохон ажлууд болон өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл өглөө.
НИТХ-ын төлөөлөгч А.Амартүвшин
-Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах гол гарцын нэг болох айл өрхүүдийг хийн (газ) халаалтад шилжүүлэх ажлыг хоёр дахин эрчимжүүлж байгаа. Өнгөрсөн хугацаанд 5,000 өрхийн байшинг дулаалж, хийн халаалтад шилжүүлсэн. Энэ өвөл тэдгээр айлуудын агаарын бохирдолд үзүүлж буй нөлөөллийн бүрэн судалгааг эцэслэн гаргана. Харин ирэх жил нэмж 10-15 мянган айлыг хийн халаалтад холбохоор төлөвлөсөн. Ингэснээр нийслэлд түүхий болон сайжруулсан нүүрс түлж байгаа 170 мянган өрхөөс нийт 20 орчим мянга нь хийн халаалт руу бүрэн шилжинэ.
Энэ ажилтай холбоотой хий хадгалах томоохон байгууламж барих, импортын төсөв хөрөнгийг шийдвэрлэх, түгээлтийн сүлжээ болон аюулгүй байдлын дэд бүтцийг цогцоор нь байгуулах бэлтгэл ажил хангагдаж байна. Мөн хийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааг хангах ажилтнуудыг бэлтгэхээс гадна Онцгой байдал, Цагдаа, дүүрэг, хороодын албан хаагчдыг эрсдэлээс хамгаалах чиглэлээр сургах цогц систем ирэх жил бүрэн хэрэгжинэ.
Улаанбаатар хотод нам даралтын зуухаар нүүрс түлж байгаа бүх сургууль, цэцэрлэг, эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төв, хороо, хорих болон цэргийн анги зэрэг байгууллагуудыг 100 хувь хийн халаалтад шилжүүлснээр нийслэлийн агаарын бохирдлыг нэмж 10-15 хувиар бууруулах боломжтой.
Өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн есдүгээр сарын 15-наас халаалтын улирал эхэлж, нийслэлийн 436 цэгээр түлш борлуулж эхэлсэн. Төлөвлөгөөний дагуу:
- Аравдугаар сарын 20 хүртэл зөвхөн сайжруулсан шахмал түлш борлуулна.
- Аравдугаар сарын 20-ноос сайжруулсан түлш болон хагас коксыг хамтад нь худалдаалж эхэлнэ.
- Арваннэгдүгээр сарын 1-нээс эхлэн бүрэн хагас кокс түлшинд шилжинэ.
2027-2028 онд БНХАУ-аас хагас кокс импортлон борлуулна. Энэ нь дотоодын үйлдвэр ашиглалтад орох хүртэлх шилжилтийн үеийн арга хэмжээ юм. Тодруулбал, Багануурт баригдах нүүрс пиролизын (хагас коксжих) үйлдвэрийн бүтээн байгуулалтын сонгон шалгаруулалт есдүгээр сарын 20-доор дуусаж, аравдугаар сарын эхээр гүйцэтгэгч компанитай гэрээ байгуулагдана. Ингэснээр өвөл бэлтгэлээ хангаж, 1-3 дугаар сараас барилга угсралтын ажил эхлэн, хоёр жилийн хугацаанд баригдаж 2028 оны гуравдугаар сард ашиглалтад орохоор төлөвлөгдсөн. Үүний үр дүнд 2028-2029 оны өвөл Багануурын үйлдвэрийн дотоодын хагас коксыг түлшинд ашиглах нөхцөл бүрдэнэ.
Нийслэл хот нүүрснээс бүрэн татгалзаж сэргээгдэх эрчим хүч, хий, цахилгааны эх үүсвэрт шилжих бодлого баримталж байгаа. Гэвч цахилгааны ачаалал 100 хувьдаа хүрсэн учраас түлхүү хий болон сэргээгдэх эрчим хүчинд анхаарч байгаа. Тухайлбал, Баруун салаа, Зүүн салааны 800 айл өрхийг сэргээгдэх эрчим хүчээр бүрэн хангах төслийн ТЭЗҮ-ийг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд боловсруулж дууссан. Эрчим хүчний яамаар батлуулахаар бэлтгэж байна. Өнгөрсөн онд 400 айлыг сэргээгдэх эрчим хүчинд шилжүүлсэн бол энэ жил Азийн хөгжлийн банк болон Eureka төслийн санхүүжилтээр 1,000 өрхийг холбож байна.
Бид өнгөрсөн жил агаарын бохирдлыг 30-35 хувь бууруулсан бол энэ жил 5,000 айл, 15-16 сургууль цэцэрлэгийг хийн халаалтад шилжүүлж, мянган өрхөд сэргээгдэх эрчим хүч нэвтрүүлснээр бохирдлыг 40 хувь хүртэл бууруулах бүрэн боломжтой болж байна. Харин ирэх жил дахин 20 гаруй сургууль, цэцэрлэг болон 10-15 мянган өрхийг нэмж шилжүүлснээр утааг 50 хүртэл хувиар бууруулж чадна. Гаргасан амжилтаасаа ухрахгүйгээр энэ ажлуудыг тасралтгүй урагшлуулах ёстой гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.