🔴Б.Ану-Үжин: 2027 оны хөгжлийн төлөвлөгөө нь "хүн төвтэй хот" байгуулах бодлогод чиглэсэн
Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал (НИТХ)-аар нийслэлийн 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байгаатай холбогдуулан НИТХ-ын төлөөлөгч Ану-Үжин мэдээлэл өглөө.
НИТХ-ын төлөөлөгч Б. Ану-Үжин
-Өнөөдөр НИТХ-аар нийслэлийн 2027 оны хөгжлийн төлөвлөгөөг хэлэлцэж байна. Энэ төлөвлөгөөнд нийт 104 байгууллагын 538 арга хэмжээг найман бүлэгт хуваан тусгасан. Төлөвлөгөөний дийлэнх хувийг дэд бүтэц, бүтээн байгуулалтын ажил эзэлж байгаа бол хамгийн чухал нь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс нийгмийн хөгжлийг хурдасгах чиглэлд нэлээд анхаарч, төлөвлөгөөнд тусгасан.
Бүтээн байгуулалтын ажлын хүрээнд ирэх онд нийт 43 сургууль, 23 цэцэрлэгийг ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Нийслэлийн хэмжээнд дөрвөн томоохон цэцэрлэгт хүрээлэн шинээр байгуулахаар тусгасан. Тухайлбал, Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Ногоон нуур орчимд таван га газрыг энэ онд чөлөөлж, ирэх жил ногоон байгууламж бүхий томоохон цэцэрлэгт хүрээлэн барьж тохижуулахаар төлөвлөсөн.
2027 оны хөгжлийн төлөвлөгөө нь хүний хөгжил болон "хүн төвтэй хот" байгуулах бодлогод голлон чиглэсэн. Хүнийг дээдэлсэн, хүндээ ээлтэй хотыг бий болгохын тулд явган хүний зам, дугуйн зам болон цахилгаан автомашин цэнэглэгчийн байршлуудыг нэмэгдүүлэх зэрэг байгаль дэлхийд ээлтэй дэвшилтэт технологиудыг түлхүү нэвтрүүлэхээр 2027 оны төлөвлөгөөнд тусгасан гэв.
Сэтгэгдэл (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.